Мухартын голд 2021-2026 онд хийсэн мониторингийн ажлын үр дүнгээр усны түвшин нь дунд хэсэгтээ таван см-ээр багасаж, урсгалын хурд нь секундэд 0.2-0.4 метрээр буурчээ. Мөн эх аван урсдаг элсэн манхан нь голын эрэг рүү 3.6 метрээр түрж, өндөр нь 3.5 метрээр намссан байна. Голын экосистем, байгалийн тогтоц ийн өөрчлөгдөхөд уур амьсгалын өөрчлөлт голлох нөлөө үзүүлж буй ч үүнд хүний буруутай үйл ажиллагаа нэрмээс болж байгааг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Хяргас нуур, Завхан голын сав газрын захиргааныхан анхааруулав. Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Алтан багийн нутаг, Бор хярын элсний өмнө талд орших элсэн манхнаас эх авч урсдаг энэхүү өвөрмөц тогтоцтой голыг зорих гадаад, дотоодын жуулчдын тоо жилд 8000-10000 орчим болж нэмэгджээ. Энэ нь аялал жуулчлал талаасаа сайн мэдээ боловч тухайн бүсэд хөл хөдөлгөөн нэмэгдэхийн хэрээр голын ундарга татарч, жил ирэх тусам усны түвшин, урсгалын хурд нь буурч, эх аван урсдаг элсэн манхных нь өндөр намссаар байгаа аж. Цаашид элсэн манхны орой дээрээс тус гол руу гулгаж буух хөдөлгөөнийг хязгаарлаж, дотоодын аялагчдад зөвлөмж, мэдээлэл өгөх хэрэгтэйг мэргэжилтнүүд хэлж байна. Ийм арга хэмжээ авахгүй бол Мухартын голын эх элсэн нурангид дарагдаж, ундарга нь ширгэж, үгүй болох эрсдэлтэй гэнэ.
Н.Дүүл