Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг, Хүйсийн найман нуурт аялж явсан гадаадын жуулчид хог түүж буй бичлэг цахим орчинд түгсэн юм. Тэд “Монголчууд аа, танай улс үнэхээр гайхамшигтай сайхан юм. Бид алхах зуураа хоёр уут хог түүлээ. Цаашид хогоо байгальд хаяхаа болино уу. Үнэнийг хэлэхэд та бүхэн хогоо хаясаар байвал танай сайхан орон манайхаас илүү бохир, заваан болохыг анхаараарай” хэмээн ярьсан байна. Үүнийгээ ч сошиалд түгээж өгөхийг хэлмэрчээсээ хүссэн аж. Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын нэг хэсэг болсон эл бүсэд хүрэх зам бартаатай ч жуулчид морь унаж очих нь түгээмэл гэнэ.
Манайх шиг хог хаягдлаа хүссэн газартаа хаядаг улс лав үгүй байх. Амарч зугаалсан газартаа ариун цэврийн цаас, ус, ундааны сав, тамхины иш зэрэг элдэв хог хаягдлаа орхиод явдаг нь гадаад хүмүүсийн хувьд байж боломгүй, бүдүүлэг үйлдэл юм. Иймдээ ч манай улсад аялж зугаалахаар ирсэн иргэд хог түүгээд буцдаг жишээ цөөнгүй. Өнгөрсөн зун мөн л Улаанбаатар хотын гудамж, талбайгаар алхаж явсан солонгосчууд хог түүж, нийслэлээ өнгө үзэмжтэй байхад анхаарахыг бидэнд сануулсан. Хөвсгөл нуурыг зорьж ирдэг гадаадын жуулчид хог хаягдаггүй хэмээн нутгийн иргэд ярьдаг. Угтаа бид өөрсдөө л газар нутгаа нүдний цэцгий мэт хайрлаж, нэг ширхэг ч хог үлдээлгүй хамгаалах ёстой. Эх орныхоо үзэсгэлэнт сайхан газруудад амарч, зугаалж явахдаа хогоо хямгадахгүй бол ийн ичгүүрт орохыг жуулчид сануулсныг энд анхааруулахад илүүдэхгүй биз.
Ч.Болор