АНУ-ын Тагнуулын төв газар (CIA)ын дарга Жон Рэтклифф (Үндэсний тагнуулын газрын дарга асан) өнгөрсөн мягмар гарагт Москвад очиж, Оросын зарим албан тушаалтантай уулзсан талаар нэрээ нууцалсан эх сурвалжууд тус улсын хэвлэлүүдэд мэдээлсэн байна. Америк өнгөрсөн долоо хоногт Украинд хандан, даваагаас лхагва гараг хүртэл Москва, Санкт-Петербург болон ОХУ-ын хойд хэсгийн зарим нутаг дэвсгэрт агаарын цохилт хийхгүй байхыг хүссэн гэнэ. Учир нь АНУ-ын өндөр албан тушаалтныг тээвэрлэсэн онгоц тус орны нийслэлийг зорих гэж буй талаар уламжилсан аж. CBS News болон BBC агентлаг, Financial Times сонинд Трампын засаг захиргаанд зүтгэж буй түүнийг яг хэнтэй, ямар зорилгоор уулзах гэж очсон нь одоогоор тодорхойгүй байгааг дурджээ. Харин АНУын Тагнуулын төв газар үүнд тайлбар өгөхөөс татгалзсан бол Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Ерөнхийлөгч Путин Рэтклиффтэй уулзахаар төлөвлөөгүй” хэмээн “бүрхэг” хариулсан байна. Энэ нь CIA-гийн дарга асан Уильям Бёрнс 2021 оны арваннэгдүгээр сард Владимир Путинтэй уулзаж, хэлэлцээ хийснээс хойших шинэ даргын анхны айлчлал юм. Тус уулзалтаас гурван сарын дараа ОХУ Украинд халдан довтлох ажиллагаагаа эхлүүлсэн байдаг. Өнгөрсөн даваа гарагт АНУ холбоотон улсууддаа хандан “Ирантай бизнесийн харилцаагаа тасал, эс бөгөөс хоёрдогч хориг арга хэмжээ авна” хэмээн анхааруулсан. Энэ нь Израил-Ираны дайны нөхцөлд Тегеранд эдийн засгийн дарамт үзүүлэх алхам гэж судлаачид үзсэн юм. Харин ОХУ Ирантай цэрэг, дипломат харилцаа, стратегийн хувьд өргөн хүрээний түнш хэвээр буй. Ташрамд, АНУ-аас ОХУ-д суух Элчин сайд одоогоор томилогдоогүй гэнэ.
Д.Хэрлэн