УИХ-ын гишүүн Б.Жаргалан Ерөнхий сайд Н.Учралд хандан “Туулын хурдны зам” төслийн талаар асуулга хүргүүлсэн байна. Уг төслийн хүрээнд улсын төсвөөс гаргасан хөрөнгө, байгаль орчинд учирч болзошгүй хохирол, гэрээ хэлцэл, хэрэгжилтийн хууль, эрх зүйн үндэслэлийн талаар тодорхой мэдээлэл өгөхийг тэрбээр Засгийн газрын тэргүүнээс хүсжээ.
“Туулын хурдны зам” төсөлд 2025 онд 401, 2026 онд 99, нийт 500 тэрбум төгрөгийн урьдчил гаа олгосон. Мөн Туул голын дагуу замд өртөх мод, бут, сөөгийг огтлох, байгаль орчинд хохирол учруулсан шийдвэрийн хариуцлагыг хэн хүлээх, дээрх хагас их наяд төгрөгийг буцаан авч чадах, эсэх, байгаль орчны хохирлыг нөхөн төлүүлэх талаар хийж буй ажлыг асуужээ.
Тус урьдчилгааг нарийвчилсан ажлын төлөвлөгөө, тооцоо, гүйцэтгэлийн хуваарьгүйгээр олгосныг сөрөг хүчнийхэн илчилсэн билээ. Түүнчлэн гишүүн “2025 оны наймдугаар сарын 5-нд “Хятадын Хао Юань” болон “Тяньжин Өү бай вэй” компанитай байгуулсан 2.3 их наяд төгрөгийн гэрээг төсөл эхлүүлэх зураг, бүрэн зураг, магадлалын дүгнэлтгүйгээр байгуулсан. Тендерийн хугацаа, үнийн болон FIDIC-ийн нөхцөл зөрүүтэй тул гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлтэй гэсэн аудитын дүгнэлт гарсан. Үүнд Засгийн газар ямар хариулт өгөх вэ. COP17-ын хүрээнд болсон “Хотын дарга нарын чуулга уулзалт”-ын үеэр нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Туулын хурдны зам гэсэн ойлголт байхгүй болсон. Өөр зам хийхээр төлөвлөж байгаа гэсэн. Ийм ноцтой зөрчилтэй гэрээг цуцалж, дахин сонгон шалгаруулалт хийхийн оронд дээрх компаниудтай үргэлжлүүлэн хамтарч, өөр төсөл хэрэгжүүлнэ гэдэг нь хууль зүй, эдийн засгийн хувьд үндэслэлтэй юү” хэмээн асуужээ.
С.Уул