Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ)-ийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулгыг энэ сарын 31-нээр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болсон гэх мэдээлэл бидэнд ирлээ. Түүний оронд Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргаар ажиллаж буй С.Заяадэлгэр, Шүүхийн сахилгын хорооны Ажлын албаны дарга, саяхан СЕХ-ны гишүүнээр томилогдсон Д.Мөнхзориг нарын нэр яригдаж буй гэнэ. Уг албан тушаалыг хаших хүнд тавих шаардлагыг Шүүхийн тухай хуулийн 84.2- т “Гүйцэтгэх нарийн бичгийн дарга хууль зүйн дээд боловсролтой, эрх зүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан, сүүлийн таван жилд улс төрийн болон намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй Монгол Улсын иргэн байна” гэж заасан. Тэгвэл горилогч Д.Мөнхзориг 2011- 2015 онд “Түшээ” дээд сургуульд суралцан эрх зүйч мэргэжил эзэмшсэн байна. Тэрбээр 2010-2019 онд ШЕЗ-ийн Мэдээллийн технологийн асуудал хариуцсан референт, тасаг, хэлтсийн даргаар ажиллажээ. 2019- 2022 онд Төв аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга болсон байна. Тэгэхээр мэдээллийн технологи буюу компьютерын албанд тасаг, хэлтсийн даргаар ажилласан жилүүдийг нь эрх зүйч мэргэжлээр 10 жил ажилласанд тооцох уу. Эсвэл 2015 онд энэ мэргэжлийг эзэмшсэн тул 10 жил ажилласан гэж тооцох уу. С.Заяадэлгэр хэдийгээр шалгуур хангаж буй ч нэр хүндийн хувьд тийм ч сайнгүй юм билээ. ШЕЗ-ийн дарга П.Золзаяа хоёулантай нь хамт ажиллаж байсан учраас хэнийг нь уг албан тушаалд санал болгох бол. Эсвэл өмнөх уламжлалуудын адилаар хэн нэг улс төрч халаасныхаа хэнд ч танигдаагүй хүнийг томилуулахаар илгээх үү” хэмээн ажилтнуудынх нь дунд хүлээлт үүсээд байв. Тэгвэл өчигдөр Д.Мөнхзоригийг томилох шийдвэр гаргасан x түүнийгээ ихэд нууцалж буйг нэг бус эх сурвалж мэдээллээ.
Г.Дайчин