Эдийн засгийн ухааны доктор, профессор Х.ЦЭВЭЛМАА
Зах зээл, салбарын хөгжилд тулгуурласан эдийн засаг бол алдаатай ч, оноотой ч бидний туулах зам. Амьдарч буй тогтолцоондоо сэтгэл хангалуун бус хүмүүс байхыг мэдээж үгүйсгэхгүй. Гэсэн хэдий ч өөрөө өөртөө эзэн байж, сонголтодоо тууштай, туйлбартай, тэмүүлэлтэй байх тэрхүү үйл хөдлөлийн чавхдасыг энэ олон жилд зах зээлийн хөгжил тодорхой хэмжээнд хөглөсөн болов уу гэж хардаг юм. Энд үйл хөдлөл гэх холбоо үгийн утгыг салбар салбарын судлаачид өөр өөр өнцгөөр илэрхийлээд байдгийг анзаарахгүй өнгөрөх аргагүй бөгөөд заримдаа уламжлалт хэл зүйн талаас хүлээн зөвшөөрөхгүй ч тохиолдол гардаг. Магадгүй зах зээл, салбарын үйл явц, хөгжилтэй холбож үзвэл эл холбоо үг нийгмийн ямар ч агентын сонголт нь мөн чанартаа бүтээх, байгуулах, сайжруулах арга зам руу л чиглэж, эцсийн дүндээ хүн амын амьжиргааны түвшин дээшлэхтэй салшгүй холбогдох болно. Амьжиргааны түвшин дээшлэх нь нэг хүнд ногдох бодит орлогоос шууд хамаарахыг хэн ч болов хэлнэ. Гэсэн ч орлого бүтээх үйл явцад олон янзын агентын үйл хөдлөл, тэдгээрийн өөрчлөлтийг ажиглан, анзаарч, ойлгох ухаан үгүйлэгдээд байна.
Эдийн засгийн сэтгэлгээний түүх, зах зээлийн, микро эдийн засаг, түүнийг бизнест хэрэглэх ухаан, өрсөлдөх чадвар, кластерийн хөгжил гээд олон талаас хараад байхад “үйл хөдлөл” гэх холбоо үг бидний өдөр тутмын хэрэглээнд төлөвших болоогүй гэж үү. Аль ч салбар дахь үйл ажиллагаа, түүнийг эрхлэхийн тулд хийж буй үйлдэл, улмаар үйлдлээ давтсаар тогтох хандлагыг нийлүүлээд харъя. Бусдаас үггүй суралцах буюу даган дуурайж, туршиж үзэх явцдаа алдаа оноогоо дэнсэлсээр тухайн үйл ажиллагаандаа тэнцвэрийг олох нэг хэрэг. Харин олон талт үйл ажиллагаанд цөөнгүй хүн оролцуулж, хөдөлмөрөө хөнгөвчлөх, үйл ажиллагааныхаа технологийн түвшнийг ахиулах замаар илүү их зүйл бүтээсэн үйл явц нь зах зээл, салбаруудын зохион байгуулалтын түвшнийг эрс дээшлүүлснийг бид бэлхнээ мэдэх билээ. Үйл ажиллагааныхаа явцад хийх үйлдлийнхээ эрэмбэ, дэс дараалал, сахилга батыг ягштал мөрдөж, зарим үед зөв, буруу ч бай эерэг, сөрөг ч, бүр эсрэг тэсрэг ч бай ямартай ч өгөө аваа, алдаа оноогоо тооцсоор хувийн хэвшлийнхэн зах зээлд шинэ зүйлсийг гаргасан, шинэ шинэ зах зээлийг хөгжүүлсэн, нэг улсын нутаг дэвсгэрээс хальж, тив дамнасан зах зээлд нэвтэрсээр бидний амьдралын өнөөгийн дүр төрхөд тусгалаа олсоор буй.
Энэ бүхний үр шимээр томоохон бизнесүүд тухайн үйл ажиллагааныхаа байр суурийг улам бэхжүүлж, дахин дахин давтагдах үйлдлүүд хэвшсэнээр байгууллагын, бизнесийг удирдах соёл, нийгэмд нөлөөлөх хэв маяг, шинэ шинэ эрэлт хэрэгцээ нэмэгдсээр зах зээлд илрэх үйл хөдлөл нь ил ба далд байдлаар хөгжсөөр байгаа билээ. Үнэн чанартаа хэрэглэгчийн, үйлдвэрлэгчийн, Засгийн газрын үйл хөдлөл гэх утгын цаана эдгээрийг “агент” гэх үгээр төлөөлүүлбэл энэ нь зорилготой, чиг үүрэгтэй, гүйцэтгэлтэй, үр өгөөжтэй байх нь зүйн хэрэг. Агентын үйл хөдлөл бүхэн сонголттой тулгарах ч эрсдэлээ даван туулж, орлоготой, хөрөнгөтэй байж, байр сууриа хадгалах нь чухал. Зах зээлд илрэх тэдний үйл хөдлөлийг зардал үнэ, өртөг үнэ цэн, үр шим, үр өгөөж, үнэт зүйлс, зардал-үр ашгийн тооцоолол, тэнцвэр, эрсдэлээ тооцохын зэрэгцээ тэдний тодорхой бус хийгээд динамик байдлыг даван туулах, тэсэн гарах, сөрөн зогсох, улам ихээр бүтээх чадвар, захирах, захирагдах үйлдлийг хэр хүлээн авч дасан зохицох чадамжаас бид салбар, зах зээлийн хөгжлийн хүрсэн хийгээд хүрэх түвшнийг харах боломжтой. Үнэн хэрэгтээ зах зээл, салбарын байр суурь нь өрсөлдөх стратеги болон түүний давуу талаас хамаарч, үр нөлөө нь өрсөлдөх чадварын бэхжилт болно. Тиймээс хамгийн чухал, үнэтэй, хэрэгтэй гэсэн зүйлээ л барьж авахыг өрсөлдөх чадвар хэмээх ойлголтын мөн чанар илэрхийлдэг.
Хувь хүн, аж ахуй эрхлэгч дангаараа буюу “зөвхөн өөрийн сонголт” гэх ачаагаа үүрээд олсон, алдсанаа өөрөө бүрэн хариуцаж амьдрах сонголт хийсэн, хийж буй энэ нөхцөлд өөртөө, гэр бүлдээ зориулж орлого бүтээх замыг сонгосон гэж харж болно. Илүү их орлого бүтээх үйл явц удаан үргэлжилнэ. Харин бизнес олон ажлын байрыг нэг дор “зангидаж”, уялдуулснаар хувь хүн, айл өрх, нийгмийн хөгжилд илүү жинтэй орон зайг эзэлж, хувь хүнтэй харьцуулшгүй ихийг хийж бүтээдэг. Амьжиргааны түвшнийг ахиулах, дээшлүүлэх зорилго нийтлэг мэт боловч хүрэх арга зам, явуулах үйл ажиллагаа, зорих гүйцэтгэл, төлөвшүүлэх хандлагаараа эрс ялгаатай.
Нийгмийн өөрчлөлт хурдтай явагдаж буй энэ цаг үед зах зээл дэх үйл хөдлөлийг удирдах механизм нь үйл ажиллагаа, үйлдлээсээ хоцроод байвал ямар ч агентад тогтох хандлага удаашрах нь гарцаагүй. Хөгжлийн түүхэн туршлагаас харвал 2000-аад оны эхээр интернэт нэвтэрч байх үед бид уян дискнээсээ салаагүй, хүмүүсийн ашиглаж байсан компьютерын хүчин чадал, хэрэглээний түвшин тийм л байсан. Интернэтийг дагаад шинэ шинэ хэрэглээ хэрэглэгчид төдийгүй үйлдвэрлэгч, Засгийн газарт хурдацтай нэвтэрч, үүрэн телефон, мэдээлэл харилцаа, санхүүгийн зах зээлүүд маш хурдацтай тэлсэн. Энэ үеэс ямар ч агент гар утас, интернэтийг бусад орны хэрэглэгчдийн нэгэн адил хэрэглэх боломж нээгдсэн юм. Харин кибер аюулгүй байдал, урьдчилан сэргийлэх ба хамгаалах чадамж, сервер болон компьютерын хүчин чадал, хурд, ашиглах программ хангамжийн хувьд ялгаатай байдал үргэлжилсэн хэвээр буй. Эрчим хүчний хэрэглээ цаашид өсөхийг таамагласан нь ч бий, анхаарал хандуулаагүй нь ч бий. 2010-аад оны үеэс ухаалаг гар утас, платформ, мэдээлэл харилцааны хэрэгслүүд нутаг дэвсгэр харгалзахгүйгээр ямар ч орон зайд нэвтрэх болсон. Хүмүүсийн мэдээлэл харилцааны технологи ашиглалтын түвшин харьцангуй хурдан дээшилж, нэг талаас интернэт нь өдөр тутмын хэрэглээ болсон ч нөгөөтээгүүр, нийгмийн эерэг, сөрөг олон асуудлыг дагуулсан билээ. 2020 оноос хойш хиймэл оюуны ямар ч агентын үйл хөдлөлд туслах үүрэг огцом нэмэгдсэн. Олон янзын зах зээлийг хэрхэн ухаалаг удирдах вэ гэсэн зарчмын асуулт өдгөө хэн бүхний өмнө гарч байна.
Зах зээлийн үйл хөдлөлийг орлого бүтээх үйл явц чиглүүлнэ гэхэд хилсдэхгүй болов уу. Бизнест үйлдвэрлэлийн гарцаа өсгөх, борлуулалтаа эрс нэмэгдүүлэх, зах зээлд эзлэх хувиа өсгөх гэсэн стратеги өрнөж байх үед хүний ажлыг хөнгөвчлөх, хөдөлмөрийн хуваарийг гүнзгийрүүлэх, хүмүүн капиталын бүтээмжийг дээшлүүлэх, технологийг мөрдөх, мөшгөх, баталгаажуулах, итгэмжлэх гэсэн үйл ажиллагаа стандарт болсон. Бизнесүүд дэлхийн улс орнуудын нэг хүнд ногдох орлогын ерөнхий түвшнийг дээшлүүлж, олон салбарт ажлын байрыг тогтвортой байлгах, түүнийг нэмэгдүүлэхэд анхаарсаар ирсэн. Энд Засгийн газрын санаачилгаар хийх дэд бүтцийн хөрөнгө оруулалтууд түр ажлын байрыг богино хугацаанд нэмэгдүүлж, тэр хэрээр ажилтнуудын орлого хэлбэлзсээр байдгийг мөн л аль ч улс орны хөгжлийн үйл явцаас харж болно. Ерөнхийдөө тогтвортой үйл ажиллагаа тогтвортой ажлын байрыг хадгалж, орлогыг тэнцвэртэй нэмэгдүүлэх үндэс хэдий ч ажлын байран дахь идэвх санаачилга, сахилга батаас орлогыг ангид авч үзэх боломжгүй.
Шинэ зууны эхний 25 жил өнгөрөхөд дэлхийн улс орнуудын бизнес, ажлын байранд урьд хожид илрээгүй өөрчлөлт ажиглагдаж байгаа билээ. Ийм цаг үед хувь хүн, бизнес, Засгийн газрын үйл хөдлөлийг хэрхэн ойлгох вэ, зах зээлийн үйл хөдлөлийн суурь ойлголтоос илүү боловсронгуй үйл ажиллагаа, үйлдэл, хандлага шинээр бүрэлдэх, тогтох, төлөвших цаг болоод байгаа төдийгүй хүн бүр янз бүрээр төсөөлж буй төрөл бүрийн орчныг дахин тэнцвэржүүлэх, тогтворжуулах, хүртээмжтэй байлгахын тулд юунд төвлөрөх вэ гэсэн асуулт гарч байна.
Бодит байдлыг харвал төсөв, бизнесийн орлого, зарлага тэнцвэртэй, тогтвортой бус, хүмүүсийн ажлын байр ба орлого жигд биш байгаа байдал ужгирсаар. Асуудал нь үнэндээ нийгмийн бүх агент “өвчилсөнд” буй. Мэдээж эдгээр агент ашигтай ч, алдагдалтай ч тодорхой нэгэн үйл ажиллагаа явуулдаг, түүнд оролцдог нь ойлгомжтой. Гэхдээ тэдний үйлдэл, хандлага эрс ялгаатай. Яагаад гэвэл үйлдэл харагдах ба эс харагдах, ил ба далд шинж чанартай. Тиймдээ ч сэтгэл санааны үйл хөдлөлөө шууд сонголтгүйгээр илэрхийлэх нь түгээмэл болжээ. Гэхдээ олон дунд тэвчээртэй, эр зоригтой, зохиох, бүтээх, хийх, боловсруулах, угсрах, урлах, суралцах хүсэл тэмүүлэлтэй хэсгийн идэвх санаачилга, үйл ажиллагааг уялдуулан зангидаж, чиглүүлэхээс нэг зах зээлээс нөгөө зах зээлд, нэг салбараас нөгөө салбарт, нэг байршлаас нөгөө байршилд, нэг улсаас нөгөө улсад бүтээх орлого, түүний үр шим илүү байх болно.
Тиймээс өнөөдөр аж үйлдвэржилтийн үеийн технологиудыг өөрийн хөрсөнд нэвтрүүлэх, нутагшуулах хувийн хэвшлийн инновацыг илүү дэмжих, инновацад түшиглэсэн кластеруудын бүтээх орлогод илүү төвлөрөх зөвшилцөл, хэлцэл, хамтын гэрээ, хэлэлцээр, уулзалт хэлэлцүүлэг, ил тод мэтгэлцээн, суралцах шинэ хандлага юу юунаас илүү чухал гэж үзэж байна. Ийм үйл хөдлөлийг ажил хэрэгчээр авч үзэхэд бүх агент анхаарах цаг нэгэнт иржээ.