Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Тавантолгой түлш” ХХК-ийн Зүүн бүсийн үйлдвэрт ажиллажээ. Тус компани өнгөрсөн бямба гаргийн байдлаар 38.3 мянган тонн түлшний нөөц бүрдүүлсэн байна. Энэ өвөл нийт 430 мянган тонн бүтээгдэхүүн борлуулахаар төлөвлөсөн. Тухайлбал, 300 мянга гаруй тонн хагас коксон түлш, 80 мянган тонн сайжруулсан шахмал түлшийг 446 цэгээр борлуулах юм байна. Харин аж ахуйн нэгжүүдэд 40 мянган тонн савласан мидлинг нийлүүлэх гэнэ. Галлагааны улирал есдүгээр сард эхлэх бөгөөд энэ үед 50-60 мянган тонн шахмал түлшний нөөц бүрдүүлсэн байх шаардлагатайг онцлов. Түүнчлэн борлуулалтын цэгүүдийн бэлэн байдалд анхааран, “Хотула” аппликэйшн дэх бүртгэлийн давхардлыг арилгаж, системийг бүрэн ашиглах, угаармэдрэгч төхөөрөмжийн хэрэглээ болон угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлээр Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийнхөнтэй хамтран ажиллахыг холбогдох албаныханд хотын дарга үүрэг болгов. Ташрамд, өнгөрсөн жил хагас коксон түлш хэрэглэснээр агаарын бохирдол өмнөх жилийнхээс 30 орчим хувиар буурсан аж. Улаанбаатар хотод 170 мянган өрх шахмал түлш хэрэглэж буй бөгөөд энэ жилээс 5000-ыг нь хийн түлшний хэрэглээнд шилжүүлжээ.
Ч.Болор