Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ) түрүү булчирхайн хорт хавдрын шинэ оношилгоог Монгол Улсад анх удаа нэвтрүүлжээ. Тодруулбал, тус эмнэлгийн Цөмийн онош зүйн тасаг Tc-HYNIC-PSMA SPECT/CT буюу түрүү булчирхайн хорт хавдрыг илүү нарийвчлалтай илрүүлэх эмнэл зүйн шинэ технологийг амжилттай нутагшуулсан байна. Энэхүү технологи нь уг хорт хавдрын эсүүдэд илэрдэг PSMA уурагтай холбогдон, өвчний голомт болон үсэрхийллийг дүрслэн илрүүлэхэд ашигладаг цөмийн оношилгооны арга аж. Өөрөөр хэлбэл, өвчтөний судсаар тус бэлдмэлийг тарихад биеэр тархан, хавдрын эсүүдэд сүлжин очиж наалддаг гэнэ. Үүний дараа цөмийн судалбар оношилгооны тусгай аппаратаар харахад хавдрын голомтууд болон бусад эрхтэн, ясанд үсэрхийлсэн хэсгүүд тодорч харагддаг байна. Үүний гол давуу тал нь өвчний эхэн үеийн жижиг голомтууд болон цусан дахь хавдрын маркер бага зэрэг нэмэгдэхэд л дахилтыг маш өндөр нарийвчлалтайгаар илрүүлж чаддагт бий гэнэ. Тус эмнэлгийнхэн уг технологийг Монгол Улсад нутагшуулснаар түрүү булчирхайн хорт хавдрын оношилгоо, эмчилгээний менежментийг боловсронгуй болгох, үйлчлүүлэгчдэд орчин үеийн цөмийн оношилгооны тусламж, үйлчилгээг хүртээмжтэй хүргэхэд чухал ач холбогдолтойг онцоллоо.
Д.Сэлэнгэ