Гэр хорооллын өрхүүдийн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг ирэх сарын 1-нд эхлүүлнэ. Үүнтэй холбогдуулан төлбөрийн үлдэгдэлтэй айл өрхүүд энэ сарын 31-ний дотор өрөө барагдуулах шаардлагатайг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас мэдээллээ. Уг хөнгөлөлтөд аймаг, нийслэлийн болон 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хороололд амьдардаг, хоёр тарифт тоолууртай өрхүүд хамрагдах юм. Ингэхдээ 21.00- 06.00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны төлбөрийг 50-100 хувиар хөнгөлөх юм. Харин цахилгааны төлбөрийн үлдэгдэлтэй өрхүүдийг хөнгөлөлтөд хамруулахгүй тул арваннэгдүгээр сарын 1-нээс өмнө төлбөрөө бүрэн барагдуулах шаардлагатай аж. Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг ирэх оны дөрөвдүгээр сарын 1-н хүртэл үргэлжлүүлэх гэнэ.
Э.Сүйлэн