Ойн аж ахуйн мэргэжлээр суралцагчдын ур чадварын анхдугаар уралдаанд ШУТИС- ийн харьяа Хөвсгөл аймгийн политехник коллежийн суралцагчид тэргүүллээ. Хоёр өдөр үргэлжилсэн тус уралдаанд Архангай, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл, Завхан аймгийн мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагын 70 гаруй суралцагч оролцсон юм. Оролцогчид модлог ургамлын үр болон ойн хөнөөлт шавжийг таних, тарьц суулгац тарих, мод хөрөөдөх, GPS ашиглан байршил тогтоох, ойн нөөц тодорхойлох даалгавар гүйцэтгэн, онолын мэдлэг болон практик ур чадвараа сорилоо.
Уралдааны мэргэжлийн боловсролын төрөлд “Зүүнхараа” политехник коллежийнхон хоёрдугаар байр эзэлсэн бол Завхан аймгийн Тосонцэнгэл сумын мэргэжлийн боловсролын сургуулийнхан гуравдугаарт шалгарсан байна. Харин техникийн боловсролын төрөлд Архангай аймгийн баг түрүүлж, Хөвсгөлийнхөн удаалан, ХААИС-ийн харьяа Сэлэнгэ аймгийн политехник коллежийнхон гуравдугаар байрт шалгарлаа.

Хөвсгөл аймгийн политехник коллежийн захирал Б.Ганхөлөгийн мэдээлснээр тус сургууль 53 жилийн хугацаанд 16 мянга орчим мэргэжилтэн бэлтгэсний 2000 гаруй нь ойн салбарынх аж. Тэрбээр уралдааныг сургалтын хөтөлбөрийн үр дүнг үнэлэх, байгууллагууд харилцан туршлага солилцох, суралцагчдад эзэмшүүлэх шаардлагатай ур чадварыг тодорхойлох боломж гэж үзэж буйгаа илэрхийлэв. Мөн ШУТИС-ийн харьяа Ой модны сургалт, судалгааны хүрээлэнгийн захирал, доктор С.Мурзабек ойн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээхэд мэргэжлийн ажилтан, техникч, дээд боловсролтой мэргэжилтнүүдийг чанартай бэлтгэх нь нэн чухал болохыг онцоллоо.
Зохион байгуулагчид уралдааны үр дүнд үндэслэн сургалтын хөтөлбөрийг сайжруулах, суралцагчдын практик болон цахим ур чадварыг хөгжүүлэх чиглэлээр цаашид хэрэгжүүлэх зөвлөмж боловсруулахаар ажиллаж байна.
У.Сүрэн




