Эрчим хүчний сайд Б.Найдалааг гурван үндэслэлээр огцруулахаар УИХ-ын гишүүн М.Энхцэцэг албан бланк дээрээ гарын үсэг цуглуулж буйгаа мэдэгдсэнээс хойш долоо хоног өнгөрч байна. МАН-ын жагсаалтын хоёрдугаарт эмэгтэйчүүдээ тэргүүлэн эрэмбэлүүлж, парламентын босгыг давсан эл гишүүн эрх баригч нам дахь “30-ийн бүлэг”-ийн нэг идэвхтэн. Тэгэхээр тус бүлэглэлийнхэн Н.Учралын Засгийн газраас шүд сугалах ээлжит оролдлогоо хийж байна гэж үзэж болох нь. Тэд есдүгээр сарын сүүлчээр Боловсролын сайд Л.Энх-Амгаланг огцруулах шаардлагыг мөн тавьж байсан юм. Гэвч Ерөнхий сайд татгалзсан, огцруулах үндэслэлгүй хэмээн үзсэн. Одоо дараагийн алхмаа хийж буй аж.
Дээрх мэдэгдлийн дараа Ерөнхий сайд асан Г.Занданшатар “30-ийн бүлэг”-ийн Д.Амарбаясгалан, С.Амарсайхан, Х.Булгантуяа, Э.Болормаа, П.Сайнзориг нарыг шалгуулахаар АТГ-т хандсан юм. Тэгэхээр МАН доторх бүлэглэлүүдийн талцал дахин шинэ “раунд” эхлүүлжээ.
ЗУУЛТАА ТАВИХГҮЙ
МАН доторх “30-ийн бүлэг” дотроо хоёр талцсан, зарим гишүүнээ алдсан гэж буй. Тэд намрын чуулган эхлэхтэй зэрэгцэн чуулганыг хоёр долоо хоног ирцээр бойкотлох үед эл бүлгийн зарим гишүүн хуралдаа суусан нь үнэн. Ингэхдээ “Боловсролын сайд Л.Энх-Амгалан эмэгтэй гишүүдийг улс орныг талцуулсан “түгжил” гэж доромжилсондоо уучлал гуйх ёстой” гэсэн тайлбар хийсэн юм. Хувь улс төрчдийн асуудлыг улсынх болгон хувиргах, намынхаа талцлаар төрийн ажлыг гацаахдаа эл бүлэглэл мэргэшсэн. Гэхдээ чуулганы завсарлагаанаар тэд Булган аймагт уулзахдаа Засгийн газрын ХЭГ-ын дарга Б.Энхбаярыг эхлээд огцруулах асуудал хөндсөн байдаг. Гэвч Ерөнхий сайд татгалзсан. Тиймээс дараагийн “бай”-гаар Боловсролын сайдыг тодруулсан гэсэн үг. Төсвийн тодотголд “Гэртэй ойрхон сургууль” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ Ерөнхий сайдын ээжийн сургуульд 3.5 тэрбум төгрөг хуваарилахаар төлөвлөсөнтэй уг асуудал холбогдсон. Дээрх бүлэглэлийн хэдэн гишүүн Ерөнхий сайдтай уулзаж, Боловсролын сайдаар уучлал гуйлгуулахаар болсон ч нөгөөх нь гэдийсэн. Буруу зүйл хийгээгүй, хууль зөрчөөгүй учраас уучлал гуйхгүй гэсэн юм. Тиймээс түүнийг огцруулах шаардлага тавьж буйгаа Д.Амарбаясгалан гишүүн мэдэгдэж байв. Гэхдээ энэ асуудал тэгсхийгээд мартагдсан. Учир нь талууд тохиролцож, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоёрын “цэргүүд” хуралдаа сууж эхэлсэн билээ.
Харин одоогийн шаардлага нь арай бодитой. Ядаж л үндэслэл нь тодорхой, бас огцруулах асуудлыг хэлэлцүүлэхээр гарын үсэг цуглуулж байна. М.Энхцэцэг гишүүн Австралийн “Middleton” группэд эрчим хүчний системийн загварчлалын ахлах инженерээр ажиллаж байгаад эх орноо хөгжүүлэхээр уг албан тушаалаасаа татгалзаад ирсэн гэнэ. Ингээд салбараа хөгжүүлэх ганц часхийсэн хууль санаачлаад оруултал ХҮН намынхан хуйвалдаад чуулганаар унагачихсанд гомдсон юм байна. Дулаан хангамжийн тухай хэмээх уг хуулийн төслийг хэлэлцэхийг Эдийн засгийн байнгын хороогоор дэмжсэн ч нэгдсэн чуулганаар бүдэрчээ. Үүний шалтгаан нь ХҮН намын Т.Доржханд, Б.Найдалаа нар “Битгий дэмж” гэж гишүүдийг ухуулсантай холбоотой аж. Эл төслийг баталсан бол эрчим хүчний салбарт төрийн оролцоог бууруулж, дутагдаж буй хэсэгт хувийн хэвшлийнхний нөөцөөр дулааныг хангах боломжтой, салбарын хөгжилд ахиц авчрах байсан гэв. Санаачилсан хуулийн төслийг нь унагасан нь сайдыг огцруулах эхний шалтгаан. Мөн ХҮН намынхан Эрчим хүчний салбарын хүний нөөцийг самарч буй юм байна. М.Энхцэцэг гишүүн “Тус салбарт удирдах албан тушаал хашиж буй хүмүүсийг Б.Найдалаа сайд ХҮН намд элсэхийг шахсан. Үгүй бол албан тушаалаа өг гэж дарамталсан байна. Жолооч, багш хүмүүсийг удирдах албанд томилсон. Аюулгүй байдлын ажиллагаа маш чухал салбарт тэтгэвэртээ гарсан цагдааг хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны инженер болгожээ. Туслахыгаа Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч болгох гэж байна” гэсэн юм. Энэ нь хоёр дахь үндэслэл. Гуравдугаарт, эрчим хүчний хараат байдлыг бууруулж, аль болох дотоодоосоо хангах талаар анхаарахын оронд Өмнөговь, Тавантолгой, Цагаансуварга зэрэг газрыг БНХАУ-аас импортолж буй цахилгаанаар тэжээж эхэллээ, эх орноосоо “тасдаж өглөө” хэмээн үзэж буй аж. Уржигдар болсон Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр М.Энхцэцэг гишүүн эл байр сууриа дахин тодотгож, Б.Найдалаа сайдтай тулсан юм. ХҮН намын дарга, Шадар сайд Т.Доржханд орж ирж хүч нэмнэ лээ.
10 аймгийг дулааны цахилгаан станцтай болгох төслийн талаар сүүлийн хэдэн жил ярьж буй ч ашиглалтад оруулж завдаагүй байгаа. Тэгвэл М.Энхцэцэг гишүүн “БНСУ-ын Засгийн газраас жилийн 0.18 хүүтэй зээлээр дээрх төслүүдийг санхүүжүүлье гэсэн. Яагаад бага хүүтэй зээлээр биш, Оюутолгойн ногдол ашгийн мөнгөөр эдгээрийг санхүүжүүлье гээд байна вэ. Мөн Хөвсгөлд 21 МВт ДЦС-ыг 20 тэрбум төгрөгөөр ашиглалтад оруулсан. Гэтэл та нар 34 МВт-ыг 60 гаруй тэрбумаар хийе гэж буй нь ХҮН нам дахин хулгай хийх гэж буй хэрэг биш үү” хэмээсэн юм. Бас Өмнөговь аймгийг Хятадаас импортолж буй цахилгаанаар хангаж, улсынхаа тусгаар тогтнол, аюулгүй байдалд эрсдэл учрууллаа хэмээн буруутгав. Б.Найдалаа сайд “10 аймгийг ДЦС-тай болгох төслийг 2018 онд эхлүүлсэн. 2026 онд дуусгах ёстой ч гүйцэтгэл нь 47 хувь байна. Бага хүүтэй зээл хүлээгээд хэрэглэгчдийг дулаангүй байлгаж болохгүй учраас ирэх оны төсөвт тусгасан юм. Өмнөговиос Хятадад тасалж өглөө гэж та сүржигнэж болохгүй. Хятадаас цахилгаан импортолж байгаа хэрэг. Баруун гурван аймаг саяхан болтол ОХУ-аас цахилгаанаа авч байсан, тэгэхээр эдгээр аймгийг бас хойд хөршид эзлүүлсэн гэсэн үг үү. Ер нь Хятадад таслаад өглөө гэх мэт утгагүй зүйл ярих гэж буй бол 2023 онд Б.Чойжилсүрэн сайд байхад хийсэн гэрээ шүү. МАН болон Б.Чойжилсүрэнтэйгээ яриарай” гэсэн хариулт өгсөн. Т.Доржханд гишүүн хэрэг болгон орж ирээд “Би ХҮН намын дарга байна. Манай намынхныг хулгайч гэж хэлснээ нотлоорой. Сүүлийн зургаан сар нэг хүнд гүтгүүллээ. Жагсаалтын гишүүд нүдэн дээр галзуураад, популист болоод байна” гэсэн юм.
“30-ийн бүлэг”-ийн удирдагчид намдаа бүрэн эрх мэдэл олж авахын тулд зуултаа тавихгүй хэвээр байна. Мөн тэд эмэгтэй гишүүдээ урдаа барьж, өөрсдөө ард нь нуугддаг хулчгар арга барилтай. Тэр ёсоор ч ээлжит удаагаа нэгэн эмэгтэйгээрээ түрээ барьжээ. Б.Найдалаад хийж гавьсан ажил цөөн, чадвар ч дутагдаж буй нь үнэн. Гэхдээ огцруулах үндэслэл нь өнөөх л хувь хүний гомдол, тулга тойрсон голдуу асуудал байгаа нь анхаарал татна.
Г.ЗАНДАНШАТАР ЭРГЭН ИРЭВ
Зургаан сарын өмнө тэрбээр намынхныхаа шахаанд орж, өөрийн хүсэлтээр Ерөнхий сайдаас чөлөөлөгдсөнөөр Засгийн газар нь огцорч байв. Ер нь Засгийн газрын тэргүүнээр сонгогдсоноос нь эхлээд түүнийг 2027 онд МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэсэн мэдээлэл гарсан. Тэр болтол тэсэж үлдэх төлөвлөгөө нь бүтэлгүйтсэн ч Төрийн тэргүүнд өрсөлдүүлэх амлалт, тохироогоо хадгалсан болов уу. Тиймээс тэрбээр нэг хэсэг ажин түжин болж, шатрын спортод санаа тавьсан юм. Харин энэ сарын эхээр “Нэг Монгол реформ” хөдөлгөөн байгуулж буйгаа зарласан. Худал, хулгайтай эвлэрэхгүй, өөрчлөлтийг өөрсдөөсөө эхэлье гэв. Үүнийхээ дагуу өөрийг нь “мафийн сүлжээ”-ний удирдагчаар нэрлэсэн ХЗДХ-ийн сайд асан С.Амарсайхан тэргүүтэй таван улс төрчийг шалгуулахаар АТГ-т ханджээ. Д.Амарбаясгалан гишүүн энэ талаар “Уйдсан юм байлгүй. Ажлаа хийж чадахгүй байсан Ерөнхий сайдыг огцрууллаа гээд бүлэглэл, дайсан болчих юм уу. Манай хүн чинь орон гаран шүү дээ” хэмээн ярьжээ.
Г.Занданшатар ч хариуг нь өгөв. Тэрбээр дээрх хөдөлгөөнийхөө үзэл санааг уржигдар Ерөнхий сайдад танилцуулж, ил захидал гардуулсан юм байна. Мөн “Намын нэр барьсан хэсэг бүлэг этгээд гэмт хэргээ нуун дарагдуулж, хаацайлахын тулд зохион байгуулалттайгаар хүн гүтгэсэн. Авлигачдаас салж хариуцлага тооцдог болох, намын боловсон хүчний бодлогыг шинэчлэх, жагсаалтад эрэмбэлэхдээ санал асуулга явуулах гэсэн суурь шинэчлэлийг агуулсан үзэл санаагаа танилцуулсан. Зургаан сар тэвчлээ, улс төрөөс хол байлаа. Гэвч намайг мафийн босс гэв, хар тамхины хэрэгт холбож гүтгэлээ. Гэмт хэрэгт холбогдсон, шалгагдаж буй хүмүүс ингэж улс төрийн зохион байгуулалттай бүлэглэлийн үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь албан тушаалаа урвуулан ашиглах, бусдад давуу байдал бий болгон гэмт хэргээс хаацайлж буй үйлдэл учраас АТГ-т хандсан” гэжээ. “Нэг Монгол реформ”-ийн үеэр тэрбээр “Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй” хэмээн мэдэгдсэн юм. Гэвч улс төрчид ингэж байгаад л “Нам надад итгэл хүлээлгэлээ” гээд “хүрээд ирдэг”. Залуус, ахмадуудаа нэгтгэж, өөрчлөлт амлаж буй, нам доторх бүлэглэлтэйгээ тэмцэж байгаа нь ч ирэх сонгуулийн бэлтгэл гэж харагдсан нь нууц биш.
Ийнхүү МАН доторх бүлэглэлүүдийн талцал дахин эрчимжлээ. Үүндээ гуравдагч этгээд болох ХҮН намыг татан оролцуулав. Ямар нэг улс төрийн акц идэвхжүүлэх үеэрээ энгийн үед ажилдаа ирдэггүй Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар үзэгдээд, ярилцлага тайлбар өгөөд эхэлдэг. Тэр ёсоор эдгээр эрхэм Төрийн ордонд үзэгдэх болов. ХҮН намыг Засгийн газраас гаргаад квотыг нь эл бүлэглэл авахаар төлөвлөж байхыг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл, МАН дангаараа ажиллая, хариуцлагаа ч хүлээе гэсэн шаардлагыг тавьж байж болох. “30-ийн бүлэг”-ийнхний эхний хоёр сайдыг огцруулах шаардлагыг Ерөнхий сайд няцаасан. Одоо Б.Найдалааг явуулах үү, үлдээх үү. МАН дахь цөөнх эрх хүүхэд шиг аашилж, Засгийн газрын тогтвортой байдалд “заналхийлэх” бүрд Н.Учрал ямар нэг тохиролцоогоор аргацааж байна. Г.Занданшатар гарч ирж, таван улс төрчдийг АТГ-т өгсөн нь түүний тэмцлийн нэг хэлбэр үү. Тэд дахин тохиролцох уу, эсвэл тулах уу.