Үргэлжлэл. Түрүүч нь №197 (8501) дугаарт
Эдийн засгийн сургаал нь анхандаа бие даасан шинжлэх ухаан бус, харин “Улс төрийн эдийн засаг” (Political economy) нэртэйгээр философийн салбарын нэг хэсэг байсан түүхтэй. Өнөөгийн эдийн засгийн ухааны хямралт байдал нь тоон загвар, математик формализмд хэт автаж, хүний оршин буй утга учир, байгалийн болон түүхэн хөгжлийн хуулиуд, ёс суртахуун болон үнэт зүйлсээс холдож, туйлдсантай шууд холбоотой.
Философийн арга зүй, түүний дотор диалектик, феноменологи, болон гносеологийн хууль категориудыг ашиглан шийдлээ хүлээж буй эдийн засгийн онолын нарийн төвөгтэй асуудлыг шинжлэх нь цаг үеийн шаардлага юм.
Зарим нэгэн жишээ татъя. Диалектикийн хуулиуд өнөөгийн эдийн засгийн системийн дотоод зөрчлийг олж харахад чухал түлхүүр юм. Өрийн хэмжээ нэмэгдэх, орлогын тэгш бус байдал, эсвэл байгаль орчны доройтол нь тодорхой тоон хязгаарт хүрээд цоо шинэ, өнөөгийн системийг бүхэлд нь нураах хэмжээнд хүргэж байгааг тооноос чанар шилжих хууль тайлбарладаг. Философийн энэ хуулиар эдийн засгийн шокууд зүгээр нэг хэлбэлзэл бус, системийг өөрчлөх зайлшгүй хувьсал болохыг тайлбарлаж болно.
Эсвэл Эсрэг тэсрэгийн нэгдэл ба тэмцлийн хуулийн дагуу дижитал монопол ба хэрэглэгчийн эрх чөлөө, AI ба хөдөлмөрийн зах зээл хоорондын зөрчил нь эдийн засгийн хөгжлийн хөдөлгөгч хүч байж чадах боломжийг судлах арга зүй байна. Тэр ч байтугай капитализм өөрөө өөрийнхөө “эсрэг тал” (жишээ нь, платформ коммунизм эсвэл төрийн, нийтийн өмчийн шинэ хэлбэрүүд)-ыг гаргаж байгааг энэ хуулиар харж болно.
Онтологи ба эпистемологи талаас нь аваад үзвэл эдийн засгийн үндсэн ойлголтууд (мөнгө, үнэ цэн, өмч, зах зээл) нь бодит биет зүйлс биш, харин хүмүүсийн итгэл үнэмшил, нийгмийн гэрээ буюу “нийгмийн бүтээгдэхүүн” (Social сonstructs) юм. Жишээ нь, криптовалют, Төвбанкны дижитал валют гарч ирсэн нь мөнгө гэдэг зүйл “итгэл үнэмшил” дээр л оршдог болохыг улам тод харуулж байна. Харин танин мэдэхүйн хязгаар (Epistemological limits) талаас нь авч үзвэл хүн төрөлхтөн өөрсдийн бүтээсэн хиймэл оюун болон нарийн төвөгтэй санхүүгийн сүлжээнүүдийг бүрэн дүүрэн танин мэдэж, хянаж чадах, эсэх нь том асуулт юм. Бид өөрсдийнхөө үүсгэсэн “мангас”-аа ойлгох түвшиндээ хүрсэн үү.
Орчин үеийн эдийн засгийн этикийн асуудал ч шинээр тодорхойлогдох ёстой болжээ. Орчин үеийн эдийн засаг нь “ашиг орлого”, “үр ашиг” (efficiency) гэдгийг л шалгуур болгох нь ёс суртахууны хоосролд хүргэж байна гэж эрдэмтэй номтой хүмүүс шагширч байгаа билээ. Хүнийг зөвхөн ажиллах хүч, хэрэгсэл гэж үзэх нь хөдөлмөрийн зах зээл дээр AI-ээр хүнийг орлох, эсвэл дата монополоор хүнийг “бараа” болгож буй өнөөгийн нөхцөлд тулгаад ирлээ. Эдийн засгийг дахин “хүн төвтөй, хүнд үйлчлэх эдийн засаг”-ийн чиглэлд нь оруулахын тулд аксеологи (үнэт зүйлс)-ийн шинэ эргэлт хэрэгтэй.
Өнгөрсөн зуунд экзистенциализм ба хүний эрх чөлөөний асуудал хөндөгдөж, хүчээ авч эхэлсэн нь мөн л учиртай. Тэгвэл XXI зуунд хиймэл оюун бүх ажлыг хийдэг болчихвол хүн төрөлхтөн юу хийж амьдрах вэ, ажил амьдралын утга учир юу байх билээ гэдгийг философичид асууж, хариулт хайж байна. Зарим судлаач хүний амьдрал угаасаа абсурд, эсвэл бид матриц дотор л төөрчихсөн яваа гэдгийг нотлох гэж оролдож байна. Энэ бол эдийн засгийн бус, цэвэр экзистенциал (оршихуйн) хямрал юм. Ажил эрхлэлтгүй нийгэм дэх хүний эрх чөлөө, бүтээлч байдал, амьдралын утга учир ямар байхыг одоохондоо уран зөгнөлт зохиол, кино л дүрсэлж байна.
Товчхондоо, эдийн засгийн ухааны онол, арга зүйн шийдэл хүлээж буй дээрх 10 асуудлыг философийн талаас харахад бодгаль болон нийгмийн суурь утга учир луугаа эргэн очих, бүх парадигмаа эргэн харах цаг иржээ гэж сануулж байна.
Аливаа онол, арга зүй мухардалд орсон нөхцөлд эргээд суурь-гүн ухааны тавцан дээр эрэл хайгуул хийх шаардлага үүсэж байгаа учраас философи, нэн ялангуяа буддын философийн хүрээнд эрэл хайгуул хийх, тодруулбал шүтэн барилдлагын философи дээр тулгуурласан “Шүтэн барилдлагын эдийн засаг” (Dependent origination economics-DOE) гэсэн шинэ концепци дэвшүүллээ.
Ингэхдээ нэг зүйлийг чухалчлан анхааруулах ёстой байх. Санал болгож буй “шүтэн барилдлагын эдийн засаг” Буддын философийн (шашны биш шүү) хүрээнд шийдэл хайх тухай билээ. Төрөл бүрийн шашин ёс суртахууны номлолоор эдийн засгийн амьдралыг чиглүүлэх гэж оролдож ирсэн билээ. Харин энд санал болгож буй “Шүтэн барилдлагын эдийн засаг” концепци нь буддын философийн категориуд, онол арга зүйг ашиглан эдийн засгийн шинжлэх ухаанд хүрээнд шийдэл хүлээж буй асуудлуудыг задлан судлах, нэгтгэн дүгнэх, харилцан хамаарлуудыг илрүүлэн авцалдуулах зэрэг буюу товчхондоо шүтэн барилдлагыг хангах, орчин үеийн эдийн засгийн мухардлуудыг тайлах “онтологийн ба эпистемологийн” арга зүй байх бүрэн боломжтой гэж үзэж байгаа юм.
Буддын философийн амин сүнс бол шүтэн барилдлагын (Dependent оrigination) сургаал билээ.
Уламжлалт эдийн засгийн ухаан нь асуудал бүрийг салгаж, “бие даасан, тусгаар үзэгдэл” (atomistic worldview) гэж үзэж ирснээрээ өнөөгийн поли-перма хямралын (Poly-perma crisis) учир начрыг олохгүй мунгинаж байна. “Юмс үзэгдэл бие даан оршин тогтнох боломжгүй, зөвхөн шалтгаан ба нөхцөлийн харилцан хамаарал дотор л оршдог” хэмээх шүтэн барилдлагын арга зүй нь орчин үеийн эдийн засгийн асуудлуудыг судлах, шийдэл хайх өргөн орон зай олгоно. Тухайлан авч үзвэл,
1. Эго-төвтөй загвараас эко-төвтөй (шүтэн барилдлага) загвар луу
Уламжлалт эдийн засаг “Homo еconomicus” буюу бусдаас ангид саланги, ашиг хонжоо хайгч хувь хүнийг эдийн засгийн загварынхаа цөм болгодог. Харин орлогын тэгш бус байдал, Big tech-ийн монопол болон Уур амьсгалын хямрал, ёс зүйн доголдол, нийгмийн эв эе зэргийг дагалдах “дайвар нөлөөлөл” мэтээр үздэг. Шүтэн барилдлагын утгаар авч үзвэл “Би” ба “Бусад”, “Нийгэм” ба “Байгаль орчин” нь салангид тусгаар зүйлс биш. Корпорацийн ашиг орлогын уг сурвалж нь байгаль орчны баялаг, хүний хөдөлмөрийг ашигласнаас л үүдэлтэй бөгөөд байгаль болон нийгэм хямарвал компани өөрөө оршин тогтнох боломжгүй юм. Энэ хамаарлыг загварчилж чадвал жишээ нь, “интер-биинг” (Inter-being) буюу харилцан хамаарал шүтэн барилдлага бүхий бизнесийн болон татварын шинэ загвар гарч ирнэ.
2. Нийлүүлэлтийн сүлжээ ба гео-эдийн засаг
Гео-эдийн засгийн задрал ба өрийн дарамт нь улс орнууд өөрсдийгөө дэлхийн системээс “тусгаарлаж чадна” гэж эндүүрснээс үүдэлтэй. Шүтэн барилдлагын гаргалгаа нь “Шалтгаан арилахад үр арилна” хэмээх бөгөөд нэг улсын ядуурал, өрийн хямрал, эсвэл байгалийн гамшиг нь дэлхийн нөгөө талын эдийн засагт заавал нөлөөлдөг (нэгэн биеийн сүлжээ). Иймд протекционизм (өөрийгөө тусгаарлах) биш, харин дэлхийн эдийн засгийн сүлжээн дэх “Харилцан тэнцвэрт бодлого” (Mutual interdependence policy)-ыг тодорхойлох боломжтой.
3. Шунал ба хязгааргүй өсөлтийн парадокс (Байгаль орчин ба мөнгөний бодлого)
Эдийн засгийн онол нь хүний “хязгааргүй хэрэгцээ”-г хязгаартай ресурсоор хангах тухай өгүүлдэг тул тасралтгүй ДНБ-ий өсөлтийг шаарддаг. Гэтэл ДНБ нь хүний жинхэнэ хэрэгцээг хангаж буй нь эргэлзээтэй ба түүнийг өсөлтийг хангах гэж байгаль уур амьсгалын хямралыг гүнзгийрүүлж байна. Буддын арга зүй нь хүний шуналыг хязгааргүй өсгөж, түүнийгээ материаллаг баялгаар хангах гэж оролдох нь өөрөө “Зовлонгийн шалтгаан” болохыг сануулдаг. Иймээс ДНБ-ий материаллаг өсөлтөөс илүүтэй “Агуулгын өсөлт” (qualitative & mindful consumption)-ийг хэмждэг, хэрэглээний сэтгэл зүйг өөрчлөх “Мэдэж цадах” (contentment) эдийн засаг эндээс эхэлнэ.
4. Хиймэл оюун (AI) ба Оршихуйн хоосон чанар (sunyata)
AI болон автоматжуулалт нь хүний ажлын байрыг булааж, хүний оршин буй утга учирт заналхийлж байна (экзистенциал хямрал). Юмс өөрийн гэсэн “бие даасан чанар”-гүй буюу хоосон (шунята) байдаг гэж буддын философи үздэг бөгөөд энэ утгаараа хүний хийдэг биеийн, механик ба оюуны “ажил” нь хөгжлийн тодорхой шатанд хүний мөн чанарыг илрүүлэх, AI нь хүнийг өдөр тутмын хөдөлмөрийн ачааллаас чөлөөлж байгаа бол шүтэн барилдлагын үүднээс хүн төрөлхтөн өөрийн дотоод ухамсар, сэтгэлийн хөгжил, бүтээлч чадавх болон нийгмийн харилцаагаа хөгжүүлэх шинэ эрин рүү шилжиж буй хувьсал гэж харж болно.
5. Загварчлалын арга зүй талаас авч үзвэл “Шүтэн барилдлагын эдийн засаг” (Dependent origination economics-DOE) нь шугаман биш (Non-linear) илэрхийлэлтэй юм. Одоогийн эдийн засгийн эконометрик загварууд (Regression models) нь шугаман ба статик байдаг тул цар тахал, санхүүгийн хямралыг таамаглаж чаддаггүй. Харин шүтэн барилдлагын гаргалгаа талаас үзвэл “Аничча” (Мөнх бус) ба Шүтэн барилдлага нь цаг хугацаа, орон зай бүрд бүх зүйл агшин тутамдаа хувьсан өөрчлөгддөгийг заадаг. Энэ нь орчин үеийн Agent-Based Modeling (Агент зан төлөвийн загварчлал) болон Quantum economics (Квант эдийн засаг)-ийн философийн суурь болж, зах зээлийн динамик, огцом шилжилтүүдийг танин мэдэх боломжийг олгоно.
Энэ мэтчилэн үргэлжлүүлэн олон жишээ дурдаж болох боловч шүтэн барилдлага бол зүгээр нэг философийн ухагдахуун биш, харин “Асар том системийн сэтгэлгээний (Grand system thinking) философи” байж болох юм. “Шүтэн барилдлагын эдийн засаг” (Dependent origination economics-DOE) концепци нь үзэгдлийг салгаж биш, харилцан хамааралд нь харах (Holistic view), шалтгаан-нөхцөл-үр дагаврын гинжин хэлхээг гүнзгий тооцох (Causal сhain аnalysis), Хүний дотоод сэтгэл зүй, үнэт зүйл ба эдийн засгийн гадаад орчныг нэгэн цогц гэж үзэх (энтропик агуулга бүхий ухамсар ба матерын интеграци) гэсэн шалгууруудыг агуулдгаараа чухал юм.
Зах зээлийн болон классик эдийн засгийн механик загваруудаас татгалзаж, “Шүтэн барилдлагын эдийн засаг” (Dependent origination economics-DOE) концепцийг академик болон практик түвшинд системчлэн хөгжүүлэхийн тулд дараах үе шаттай судалгааны матриц ба концепцийн хүрээг боловсруулахыг санал болгож байна.
1. Онол-Философийн суурийг тодруулах (Epistemological foundation)
Шүтэн барилдлагын зарчмыг орчин үеийн эдийн засаг ба системийн онол, шинжлэх ухааны хэл рүү хөрвүүлэх.
• “Шалтгаан -Нөхцөл -Үр” (Heterogeneity of causes and conditions):
Эдийн засгийн үзэгдлийг зөвхөн шугаман нэг шалтгаант (A →→B) загвараас татгалзаж, Үндсэн шалтгаан (Hetu) болон нөхцөл/бүрдэл (pratyaya)-ийн огтлолцол дээр макро ба микро үзэгдэл бүрэлддэг механизмыг тодорхойлох.
• “Аничча” (Мөнх бус) ба Зах зээлийн динамик:
Зах зээлийн тэнцвэрт байдал (Equilibrium) гэдэг нь статик төлөв биш, харин тогтмол хувьсан өөрчлөгдөж байдаг агшин зуурын процессуудын динамик тэнцвэр болохыг математик-философийн үүднээс үндэслэх.
• “Шунята” (Хоосон чанар) ба Үнэ цэнийн онол (Theory of Value):
Аливаа баялаг, мөнгө, эсвэл хөрөнгө нь өөрийн гэсэн бие даасан “дотоод үнэ цэн”-гүй, зөвхөн бусад системтэйгээ харилцан хамааралтай байж, үнэ цэн нь тодорхойлогддог болохыг эдийн засгийн онолд хөрслүүлэн батлах.
2. Судалгааны арга зүй ба загварчлал талаас
Философийн үзэл баримтлалыг практикт хэмжих, загварчлах тооцооллын аргуудтай холбох.
• Agent-based modeling (ABM) ба Сүлжээний онол:
Шүтэн барилдлагын зарчмыг компьютерын симуляцид буулгах арга замыг хайх. Микро түвшний агентууд (иргэд, компани, алгоритм)-ын харилцан үйлчлэлээс макро түвшний систем (хямрал, инфляц, тэгш бус байдал) хэрхэн урган гарч байгааг загварчлах.
• Causal Loop Diagrams (Системийн эргэх холбооны цагариг):
Жишээ нь дээр дурьдсан 10 асуудал бүрийг бие биетэй нь холбосон “Шүтэн барилдлагын зураглал” үүсгэх зэрэг байж болно.
Нэгтгэн дүгнэж үзвэл: Аливаа эдийн засгийн агент, капитал, эсвэл хямрал нь бие даасан үнэмлэхүй мөн чанаргүй (Sunyata). Тэд зөвхөн олон талт шалтгаан (Hetu) болон бүрдүүлэгч нөхцөл (Pratyaya)-ийн огтлолцол дээр оршин тогтнодог гэсэн онтологийн өөрчлөлтийг эдийн засгийн ухаанд шингээх бодит шаардлага байна. Энэхүү “Шүтэн барилдлагын эдийн засаг” (Dependent origination economics)-ийн онолын концепцийг академик болон практик түвшинд системчлэн буулгах нь өнөөгийн эдийн засгийн шинжлэх ухаанд маш том дэвшил болох юм.