Сенегал улсын Дакар хотод үргэлжилж буй залуучуудын IV олимпын наадамд манайхаас спортын зургаан төрөлд 10 тамирчин улсаа төлөөлөн оролцож байна. Ирэх сарын 13-нд өндөрлөх тус тэмцээнд эрэгтэйчүүдээс жүдо бөхийн 55 кг-ын жинд өсвөр үеийнхний УАШТ-ий алт, мөнгөн медальт Т.Төгсхүслэн дасгалжуулагч Б. Баттөмөрийн удирдлагад хагас шигшээд Хорватын Йона Зворцтой хүч сорьж, нэмэлт цагт ялагдав. Тэрбээр хүрэл медалийн төлөө олимпын дүрвэгсдийн багийн тамирчин Ботай Арно Яфунгаг барилдааны цаг дуусахаас өмнө иппон үнэлгээгээр хожиж, Монголын багийн шагналын салхийг хагалж, анхны медалийг авчирсан юм. Түүний хувьд эл төрөлд ганцаараа квот авч оролцжээ. Тус жинд өрсөлдсөн жүдочдоос Азербайжаны тамирчин Ибрахим Талибов алт, Хорватын Йона Зворц мөнгө, Замби улсын Элиша Зимба нар хүрэл медаль хүртжээ.