МИАТ компани Улаанбаатараас Бээжингээр дайран, Чэжү арал руу зорчигч тээвэрлэх эрх авахаар хөөцөлдөж буй. БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Аныг өнгөрсөн оны сүүлчээр Монголд айлчлахад манай улс ийм санал тавьсан юм. БНХАУ-ын Иргэний нисэхийн захиргаа үүнийг дэмжжээ.
Зам, тээврийн сайд М.Зоригт БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн сайд Кан Ху Интэй өнгөрсөн долоо хоногт Сөүлд уулзахдаа энэ талаар ярилцахад нааштай хүлээж авсан байна. Гэхдээ Өмнөд Солонгосын тал үүний хариуд Сөүл-Улаанбаатарын хоорондох нислэгийн тоогоо нэмэх санал тавьжээ.
Энэ нь үндэсний агаарын тээврийн салбараа хөгжүүлэх, МИАТ компанийг олон улсад өрсөлдөх чадвартай болгохоор зорьж буй манай улсын бодлоготой зөрчилдөнө.
Тиймээс “Корэйн эйр”-ийн нислэгийн тоог нэмэх боломжгүй гэж Зам, тээврийн сайд үзжээ. Харин БНСУ-ын “Эйр Бусан” компани тун удахгүй Улаанбаатар, Бусаны чиглэлд зорчигч тээвэрлэхээр болоод буй. Тус авиа компани энэ чиглэлд 162 хүний суудалтай “Боинг” онгоцоор долоо хоногт хоёр удаа нисэх аж.
Б.БАЙГАЛ