Өнөөдөр дэлхий нийт цагаан нөмрөгтнүүдийнхээ өмнө бөхийж, тэдэнд талархлаа илэрхийлдэг, гоё өдөр. Үргэлжид өвчтөнүүдийнхээ төлөө сэтгэлээ чилээж, асарч сувилж байдаг тэдэндээ бид ганцхан өдөр л “Баярлалаа” гэж хэлдэг нь дэндүү чамламаар. Эмч нарт үзүүлээд эдгэрсэн нь эндсэнээсээ хэдэн зуу дахин олон шүү дээ. Тиймээс эрүүл энхийн “харуулууддаа” өдөр бүр баярлалаа гэж хэлцгээе. Энэрч асрах нь эмч хүний үүрэг гээд хөмсгөө зангидаад юу гэх вэ.
Тэртээ 1933 оны гуравдугаар сарын 30-нд АНУ-д эмч нарын өдрийг анх тэмдэглэсэн түүхтэй. Сүүлд 1990 онд Дэлхийн эмч нарын холбоо эл өдрийг цэнхэр гариг даяар жил бүр тэмдэглэхийг тунхагласан. Түүнээс хойш дэлхийн улсууд цагаан нөмрөгтнүүдийнхээ нийгмийн асуудлыг гойд анхаарч, цалин хангамжийг нь сайжруулсаар ирэв. Харин бид хаана яваа бол. 365 хоногийн нэг өдөр нь “Хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлст үр бүтээлтэй ажиллаж, онцгой амжилт гаргасан” гэсэн гуншинтай хэрэгтэй, хэрэггүй баахан одон, тэмдэг энгэрт нь хадаж “хошгоруулаад” л 364 өдөр нь мартчихдаг. Тангараг өргөдөг мэргэжилтэй хүмүүсийг боолын хөдөлмөр эрхэлдэг гэж бидэнд хэн хэлээ вэ. Ганц өдөр эмч нараа өмөөрчихье байз.
Өдгөө эрүүл мэндийн салбарт 46.000 гаруй эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж буй. Тэдний 23.4 хувь нь анхан шатны, 18.2 хувь нь II, 16.9 хувь нь III шатлалын эмнэлэгт, 15.4 хувь нь хувийн хэвшилд, 26.1 хувь нь амаржих газар болон эрүүл мэндийн бусад байгууллагад тусламж, үйлчилгээ үзүүлсээр байна. Нийт ажилтны 9.300 нь их эмч, 1600 нь эм зүйч, 10.900 нь сувилагч, мэргэжлийн болон техникийн боловсролтой бусад ажилтан 7.300 байна. Нэг их эмчид 330, сувилагчид 280 хүн ногдож буй нь хүний нөөцийн хангамж хэр таарууг гэрчилнэ.
Эмнэлгүүдийнх нь тоног төхөөрөмж эвдэрхий, ажилладаг хэдийнх нь ашиглалтын хугацаа дууссан, эмч нар нь мэдлэггүй, чадваргүй гээд эрүүл мэндийн салбарыг амтай болгон л баалж байгаа. Гэхдээ энэ мэт социализм ханхлуулсан үг, өгүүлбэрээс одоо ангижрах цаг болоогүй гэж үү. Эмч нарынхаа цалин хангамжийг сайжруулчихвал чадвартай, мундаг эмч нар чинь хувийн хэвшил царайчилж, дайжихгүй шүү дээ. Тоног төхөөрөмжүүдийг бол засаад, шинээр авчихаж болно. Харин сайн эмч нартаа цэвэрлэгчийн цалин өгчихөөд улсын эмнэлэгт чадалтай боловсон хүчин алга гэж гоншгонов оо.
О.БАТ-УНДРАХ