Өчигдөр УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж, Цөмийн аюулгүй ажиллагааны тухай, Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай конвенцид нэгдэх тэргүүтэй цөмийн хаягдлын багц төслийг хэлэлцэх байсан.
Харин эл асуудлыг дэмжихгүй байгаагаа илэрхийлж иргэний нийгмийн байгууллагууд Төрийн ордны гадаа жагсаал зохион байгуулсан. Жагсагчид ордны баруун хаалга, автомашин орж, гарах зам дээр химийн бодис байж болзошгүй зүйл асгасан юм.
Энэ хэргээс болж өчигдөр төрийн ордны баруун талын замыг хааж, онцгой байдлын газрынхан шуурхай ажиллаж багажаар хэмжилт хийхэд ямар нэгэн бодис илрээгүй байна.
Гэвч жагсаал зохион байгуулж бодис цацсан Ч.Мөнхбаяр тэргүүтэй хүмүүс ямар ч зөвшөөрөлгүй байсан учраас Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хуулийн дагуу 25 мянган төгрөгөөр торгууль ноогдуулжээ.