“Tрио” кино өнгөрсөн онд Варшав, Таллин, Тайланд, АНУ-ын болон “Улаанбаатар” зэрэг олон улсын долоон кино наадмаас шагнал хүртсэн. Хэдхэн хоногийн өмнө кино багийг БНСУ-ын Чонжугийн 24 дэх олон улсын кино наадамд урьжээ. Араас нь залгуулаад өнөөдөр “Трио” уран сайхны киноны уран бүтээлчдийг НҮБ урьсан сайхан мэдээг дуулгая. Тодорхой хэлбэл, Швейцарийн Женев хот дахь НҮБ-ын байранд энэ сарын 20-нд “Трио” киног гаргахаар ийн сонгож тусгайлан урьсан юм байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн асуудлаарх 28 дугаар чуулган Женев хотноо болохоор тов гарсан. Монголчуудын өөрсдөө бүтээсэн кино олон улсын А зэрэглэлийн хоёр ч наадмаас 46 жилийн дараа шилдэг уран бүтээлийн шагнал авсан бахдам амжилтын эзэн болсон “Трио” УСК бөмбөрцгийн үзэгчдэд хүрэх үүд хаалга ийн нээгдлээ.
НҮБ бол дэлхийн 200 гаруй улсыг эгнээндээ нэгтгэсэн хамгийн том, хамгийн хчирхэг байгууллага. Энэ байгууллагын хойморт уран бүтээлээ толиулаах завшаан тоотой хэдхэн дэлхийн супер одод тохиосон байдаг. Нүүдэлчин ахуй соёл, хүний дотоод мөн чанар, хүний заяагдмал эрх, байгалийн төгс үзэсгэлэнг тод томруунаар өгүүлсэн “Трио” УСК НҮБ-ын тусгай урилгаар дэлхийн үзэгчдэд хүрэхээр болсныг дуулгая.
“Хэнийг ч ардаа бүү үлдээ” гэдэг хүчтэй мессежийг дэлхийд өгсөн “Трио” уран бүтээл дауны синдромоор дамжуулан монгол, монголизм, монголойд зэрэг үгсийг зүй бусаар олон улсад хэрэглэж буй бүдүүлэг байдлыг халах зорилготой. Мөн Монгол ёс, уламжлалыг дэлхий нийтэд таниулах, түүгээр дамжуулан Монгол орны байгалийн үзэсгэлэнт газруудыг дэлхийд сурталчлах, дауны хам шинжтэй хүмүүсийн эрхийг хамгаалах, дэлхий даяар тэгш хүртээмжтэй нийгмийн цогцлоохын тулд олон улсад зөв ойлголт өгөх, цаашилбал Монгол үндэстний ижилсэл ба ялгарлыг дэлхийд таниулсан уран бүтээл юм.