Найруулагч Ж.Сэнгэдоржийн “Худалдагч охин” кино өмнө нь "New York Asian film festival"-ийн шилдэг кино болж байв. Энэ удаа “Худалдагч охин " буюу The sales girl" кино Францын Вэзүль /Vesoul/ хотноо болдог Азийн кино наадмын тэргүүн шагналыг хүртлээ. Эл наадам 1995 оноос хойш зохиогдож байгаа бөгөөд Азийн киноны шилдгийг шалгаруулдаг Европын хамгийн том кино наадам юм. Жил бүр 30 мянга гаруй үзэгчдэд долоон төрлөөр 90 шахам киног сонирхуулдаг энэ наадамд 12 шагнал гардуулдгийн тэргүүн нь болох “Cyclo d'or” буюу “Алтан дугуй” шагналыг “Худалдагч охин” кинонд ийн хүртээсэн байна. Энэ тухай телевизийн "France3" суваг мэдээлэхдээ "... Хятад, Вьетнам, Азербайжан зэрэг шалгарч үлдсэн есөн улсын киноноос олон улсын шүүгчдийн санал нэгтэйгээр "Худалдагч охин" кино тэргүүн шагналыг хүртлээ. Тэргүүн шагнал хүртсэн найруулагч Жанчивдоржийн Сэнгэдорж “Энэ бол Монголын кино урлагт үзүүлсэн хүндэтгэл, нэр төрийн хэрэг юм” хэмээн талархлаа илэрхийлэв" хэмээн онцолжээ.