Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс (ХХҮХ)-ийн даргаар ажиллаж байсан Л.Цолмонгэрэл, тус хэлтсийн төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Ц.Даваахүү, иргэн Г.Мөнхтуяа нарт холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ.
Тэд “Ковид-19” цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөрт заасан санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээний хүрээнд хувиараа хөдөлмөр эрхлэгч болон гадаад улсад хөдөлмөр эрхэлж байгаад буцаж ирсэн иргэний боловсруулсан ажлын байр бий болгох, хадгалах, хамгаалах зорилготой төслийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан хэрэгт холбогдсон юм. Уг төслийн хүрээнд нэг удаад таван сая хүртэл төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийг 36 сарын хугацаатай олгож байсан. Харин Л.Цолмонгэрэл албан тушаалаа урвуулж, УИХ-ын нэгэн гишүүний туслахаар ажиллаж байсан иргэн Г.Мөнхтуяад давуу байдал үүсгэн уг төслийн шаардлагыг хангаж буй иргэн Б.Ү-ын нэр, бичиг баримтыг ашиглан санхүүжилт олгох нөхцөлийг бүрдүүлсэн хэмээн буруутгагдаж буй.
Ингэхдээ мэргэжилтэн Ц.Даваахүүдээ хууль бус үүрэг, чиглэл өгч, иргэн Б.Ү-ын ажлын байрыг шалгуулалгүй, тухайн объектынх нь бус зургийг хавсаргуулж, үйл ажиллагаа явуулдаггүй хаяг бичүүлэн таван сая төгрөг олгуулсан хэмээн шалгуулсан байдаг. Үүнээс гадна бусадтай үгсэн хуйвалдаж, Халамжийн сан болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас ахмад настнуудыг хөнгөлөлттэй үнээр амраах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ортопедын болон тусгай хэрэгсэл нийлүүлэх үйлчилгээ үзүүлэх, хөдөлмөрийн насны залуусыг мэргэжлийн сургалтад хамруулах нэрийдлээр өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, 325.6 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт буруутгаж буй аж. Уг нь дээрх гурван хүнд холбогдох хэргийг өнгөрсөн оны зургаадугаар сард Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэн Ц.Даваахүүд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгон, Л.Цолмонгэрэлийг албан тушаалаа урвуулан бусдад давуу байдал үүсгэсэн гэм буруутайд тооцсон юм. Улмаар түүнд болон иргэн Г.Мөнхтуяад нийтийн албанд томилогдох эрхийг нь хоёр жил хасаж, 5.4 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн аж. Гэвч нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, буцааснаар АТГ-т дахин шалгасан юм. Ингээд Л.Цолмонгэрэлийн холбогдсон бусад үйлдлийг нь нэгтгэн шүүхэд шилжүүлсэн нь энэ аж.