Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан, “лайвчин” гэгддэг АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ нар дөрөвдүгээр сарын 29-нд маргалдаж, бие биедээ халдсан билээ. Уг үйлдэлд Хан-Уул дүүргийн Цагдаагийн газраас Зөрчлийн тухай 5.21.1, 5.2-1.4, 5.3-1 дэх хэсэгт заасан хэрүүл маргаан үүсгэн, олон нийтийг үл хүндэтгэж, хүний биед халдсан үндэслэлээр хэрэг нээн шалгасан юм. Улмаар тэдэнд албадлагын арга хэмжээ авхуулж, шийтгэл оноох саналаа Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд хүргүүлсэн байна. Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нарт холбогдох зөрч¬ лийн 2510001983 дугаартай хэргийг тус шүүх өнгөрсөн сарын 21-нд хүлээн авч, шүүгч Д.Даваадорж даргалан өчигдөр хянан хэлэлцсэн юм. Ингээд тэднийг Төв цэнгэлдэх хүрээлэн дотор, цахим орчинд буюу олон нийтийн газар хэрүүл маргаан үүсгэсэн, хүмүүсийг үл хүндэтгэсэн, харилцан нэгэндээ халдаж, хохирол учруулахгүйгээр зодсон гэж үзэн тус бүрийг нь 10 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, ес хоног баривчлах шийтгэл оноов. Үүнээс болсон уу, өөр ямар нэг шалтгаан байсных уу, Ж.Энхжаргалан Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гүйцэтгэх захирлын ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаж, ТУЗ нь түүний өргөдлийг хэлэлцэн шийдвэрлэхээр болжээ.