Монголчууд бид олон зууны турш хэрэглэж ирсэн үндэсний босоо бичгээрээ дэлхийд танигдсан, түүх, соёлын арвин өвтэй ард түмэн билээ. Өвөг дээдэс минь төр улсаа төвхнүүлэн, түүх намтраа тэмдэглэж, уран зохиол, эрдэм мэдлэг, алив бүхнээ уламжлалт монгол бичгээрээ бидэнд өвлүүлэн үлдээсэн юм. Гэвч өнөөдөр бидний өмнө нэгэн чухал асуудал тулгараад байна. Уламжлалт монгол бичгээ зөвхөн түүхийн дурсгал, өв соёлын үнэт зүйл болгон хадгалах уу, эсвэл өдөр тутмын амьдралдаа өргөн хэрэглэдэг, үр хүүхдэдээ амьд өв болгон үлдээх үү гэдэг нь чухал.
Миний бодлоор бидний зорилго тодорхой байх ёстой. Үндэсний босоо бичгээ хэрэглэж болох бүх салбарт нэвтрүүлж, нийт ард түмний өдөр тутмын хэрэглээний хэвшил болгохын тө лөө хамтран ажиллах хэрэгтэй.
ИВРИТ ХЭЛНИЙ СЭРГЭЛТЭЭС СУРАЛЦАХ НЬ
Дэлхийн түүхэнд эртний хэлээ орчин үеийн амьдралд өргөн нэвтрүүлсэн онцгой нэгэн жишээ бий. Энэ бол Израилын иврит хэлний сэргэлт юм. Иврит хэл олон зууны турш шаш ны судар, залбирал, эрдэм шинжилгээний бүтээлд хэрэглэгдэн хадгалагдаж ирсэн боловч еврейчүүдийн олон нийгмийн нэгдлүүд өдөр тутмын амьдралдаа өөр өөр хэлээр ярьдаг байжээ.
XIX зууны сүүл үеэс Элиэзер БенИехуда тэргүүтэй хүмүүс иврит хэлийг өдөр тутмын амьдралд дахин нэвтрүүлэх хөдөлгөөнийг эрчимжүүлсэн байдаг. Тэд гэр бүл дотроо ивритээр ярьж, хүүхдүүдээ уг хэлээр сурган өсгөж, сургуулиудад хичээл зааж, шинэ үг, нэр, томьёо боловсруулан, сонин хэвлэл, ном зохиолоор түгээхийг зорьжээ. Энэ хөдөлгөөн зөвхөн нэг хүний хүчин чармайлтаар хэрэгжээгүй. Багш нар, зохиолчид, хэвлэл мэдээлэл, хэлний байгууллагууд, гэр бүлүүд болон олон нийтийн хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэсэн байна.
1922 онд иврит хэл Британийн мандатын үеийн Палестины албан ёсны хэлний нэгээр хүлээн зөвшөөрөгдөж, 1948 онд Израил улс байгуулагдах үед нийгмийн амьдралд өргөн хэрэглэх болсон байв. Энэ үйл явц хэдхэн жилийн дотор бүтсэнгүй. Олон арван жилийн турш үргэлжилсэн хөдөлмөр, тууштай бодлого, өдөр тут мын хэрэглээний үр дүн байсан юм.
Иврит хэлний сэргэлтээс авах хамгийн чухал сургамж бол эртний хэл, бичгээ зөвхөн хүн дэтгэн дурсах бус, орчин үеийн амьдралын хэрэгцээнд нийцүүлэн хэрэглэдэг болгох явдал.
БОСОО БИЧГЭЭ ХЭРХЭН ХЭВШҮҮЛЭХ ВЭ
Монгол хэл минь өнөөдөр амьд, өргөн хэрэглээтэй. Тиймээс бидний зорилго бол иврит хэлний түүхийг яг давтах биш, харин уламжлалт монгол бичгийнхээ хэрэглээг орчин үеийн нийгэмд өргөжүүлэхэд Израилын туршлагаас сурал цах учиртай юм. Үүний тулд ганцхан сал бар, нэг байгууллага, тэдгээрийн арга хэмжээнд найдаж болохгүй. Хэрэгжүүлж болох бүх боломжийг зэрэг ашиглах хэрэгтэй.
Нэгдүгээрт, сонин, сэтгүүл, ном хэвлэлд өргөн хэрэглэе. Өдөр тутмын сонин, сэтгүүлд босоо бичгийн тогтмол булан ажиллуулж, нийтлэл, мэдээ мэдээллийг кирилл болон монгол бичгээр зэрэгцүүлэн хэвлэх боломжийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Хүүхдийн ном, уран зохиол, түүх, шинжлэх ухаан, танин мэдэхүйн бү тээлүүдийг монгол бичгээр олноор хэвлэн нийтэд хүртээмжтэй болгох нь чухал. Хүн өдөр бүр сонин уншиж, номоос мэдлэг авч, мэ дээлэлтэй танилцахдаа монгол бичигтэй таа ралд даг байвал унших дадал нь аажмаар тогтоно. Иймээс хэвлэл мэдээлэл, номын сан, хэвлэлийн газрууд энэ үйлсэд онцгой үүрэгтэй оролцвол зохилтой.
Хоёрдугаарт, төрийн байгууллага, нийтийн үйлчилгээнд нэвтрүүлье. Төрийн байгууллагын хаяг, мэдээллийн самбар, нийтийн тээврийн чиглэл, үйлчилгээний заавар, танилцуулга, цахим мэдээлэлд уламжлалт монгол бичгийн хэрэглээг үе шаттай нэмэгдүүлэх боломжтой. Ингэхдээ иргэдийн мэдээлэл авах боломжийг хадгалж, кирилл бичигтэй уялдуулан хэрэгжүүлэх нь зүйтэй.
Гуравдугаарт, боловсролын салбарт бодит хэрэглээг бий болгоё. Монгол бичгийг зөвхөн дүрэм зааж, шалгалт авах хичээлээр хязгаарлахгүй байх хэрэгтэй. Сурагчид монгол бичгээр ном уншин, өгүүллэг ойлгож, мэдээ мэдээлэл авч, өөрийн санааг бичгээр илэрхийлдэг дадал эзэмших нь чухал. Багшийн бэлтгэл, сурах бичиг, унших материал, цахим сургалтын хэрэглэгдэхүүнийг сайжруулж, хүүхэд, залуусын хэрэгцээнд нийцсэн бүтээлүүдийг олшруулах шаардлагатай байна.
Дөрөвдүгээрт, цахим орчин, техник, технологид нэвтрүүлье. Өнөөдөр хүмүүс гар утас, компьютер, цахим ном, мэдээллийн сайт, нийгмийн сүлжээгээр дамжуулан мэдээлэл авч буй. Иймээс уламжлалт монгол бичгээр унших, бичих, нийтлэх, хайх боломжийг сайжруулах хэрэгтэй. Монгол бичгийн зөв фонт, гарын байрлал, текст боловсруулах хэрэгсэл, цахим хэвлэлийн технологийг хөгжүүлж, иргэдэд ашиглахад хялбар болгох нь хэрэглээг өргөжүүлэх чухал нөхцөл болно.
Тавдугаарт, бизнес, үйлдвэрлэл, гэр бүлийн хэрэглээг нэмэгдүүлье. Бүтээгдэхүүний сав, баглаа, боодол, барааны шошго, дэлгүүрийн хаяг, сурталчилгаа, байгууллагын танилцуулга, нэрийн хуудас, мэндчилгээ, гэр бүлийн тэмдэглэл зэрэгт босоо бичгээ ашиглах боломж өргөн бий. Хэрэглээ зөвхөн төрийн байгууллага, сургуулийн хүрээнд хязгаарлагдах ёсгүй. Ажил, амьдралын бүхий л орчинд монгол бичигтэй тааралдаж, түүнийг хэрэглэх боломжтой бол гох хэрэгтэй.
ТӨР, ОЛОН НИЙТ, ИРГЭН БҮРИЙН ХАМТЫН ЗҮТГЭЛ ЧУХАЛ
Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд төр засгаас бодлого, зохион байгуулалт, дэмжлэгээр хангах учиртай. Харин хэвлэл мэдээлэл, боловсролын газрууд, номын сан, хэвлэх үйлдвэрүүд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд бодит хэрэглээг хэвшүүлэхэд оролцох шаардлагатай юм. Иргэн бүр өөрийн боломжоороо үүнд хувь нэмэр оруулж ч болно. Өдөр бүр монгол бичгээр нэг өгүүлбэр унших, тэмдэглэл хөтлөх, мэнд чилгээ бичих, хүүхэд, залууст зааж сургах нь хүртэл энэ үйлсийн нэг хэсэг юм шүү дээ.
Төр бүхнийг дангаараа хийж чадахгүй. Иргэдийн оролцоогүйгээр хэрэглээний хэвшил тогтохгүй. Нөгөө талаас төрийн дэмжлэг, сургалт, ном хэвлэл, технологийн боломж гүйгээр ир гэдийн хүсэл зориг дангаараа хангалттай үр дүнд хүрэхэд бэрх. Тиймээс уламжлалт монгол бичгийн хэрэглээг өргөжүүлэх үндэсний хэм жээний уялдаа холбоотой хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх нь зүйтэй. Үүнд төр, хэвлэл мэдээлэл, ерөнхий боловсролын болон их, дээд сургууль, бизнесийн салбар, иргэний нийгэм, эр дэмтэн, судлаачид болон иргэд хамтран орол цох хэрэгтэй. Энэхүү ажлын үр дүнг зөвхөн зохион байгуулсан арга хэмжээ, гаргасан уриа гаар бус, хэвлэсэн ном, сонины хүртээмж, цахим хэрэглээ, иргэдийн унших чадвар, өдөр тутмын бодит хэрэглээний өсөлтөөр үнэлдэг байх нь чухал.
МОНГОЛ ХҮНИЙ СЭТГЭЛГЭЭНИЙ ОНЦЛОГ, ОРШИХУЙН ДАРХЛААГ ТЭЭДЭГ
Үндэсний бичиг үсэг бол зөвхөн өнгөрсөн үеийн өв биш. Энэ бол өнөөдрийн хэрэглээ, маргаашийн өв уламжлалын холбоос юм. Монгол бичгээ хайрлана гэдэг түүнийг магтан дуулах төдий биш. Унших, бичих, хэвлэх, нийтлэх, ажил, амьдралдаа ашиглах замаар бодитоор хөгжүүлэхийг хэлнэ.
Хэрэв бид уламжлалт монгол бичгийг сонин хэвлэл, ном зохиол, сургууль, төрийн байгууллага, бизнес, цахим орчин, гэр бүлийн амьдралд өргөн хэрэглэж чадвал хүмүүсийн өдөр тутмын дадал болон төлөвших боломжтой. Үүний тулд хэрэгжүүлж болох бүх арга замыг ашиглаж, төр, олон нийт, иргэн бүр хамтран зүтгэх шаардлагатай болоод байна.
Уламжлалт монгол бичиг бол зөвхөн өвөг дээдсээс улбаатай түүхийн дурсгал төдий зүйл биш. Энэ бол монгол хүний сэтгэлгээний онцлог, үндэстний ижилсэл, оршихуйн дархлааг тээж байдаг амьд соёл, ирээдүйг чиглэсэн оюуны үнэт түүчээ мөн. Тиймээс үндэсний бичгээ зүгээр нэг хадгалан хамгаалж үлдэхдээ бус, өдөр тутмын амьдралдаа өргөн хэрэглэж, хэвшил болгосноор үнэ цэн нь орших учиртай. Ийм амьд хэрэглээ л бидний гайхамшигт өвийг ирээдүй хойчид бүрэн бүтнээр нь өвлүүлэх гол гүүр нь болох юм.
Д.Төмөр