Итали улсын Ром хотод зохион байгуулсан Пара таеквондогийн гран при тэмцээнд Монголын баг дасгалжуулагч М.Түмэнбаяр, Д.Батнасан нарын удирдлагад оролцов. 29 орны 111 тамирчин ур чадвараа сорьсон тус тэмцээнд эмэгтэйчүүдээс 52 кг-ын жинд паралимпын аварга, Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав шагналын салхи хагалж, хүрэл медаль хүртлээ. Эрэгтэйчүүдээс 63 кг-д Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин тив, дэлхийн аварга, паралимпын мөнгөн медальт Г.Болор-Эрдэнэ мөн хүрэл медалийн эзэн болсон юм. Тэд тус тэмцээнээс өмнө эх орондоо болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, шилдэг тамирчнаар шалгарсан билээ.