БНСУ-ын Үндэсний экологийн хүрээлэнгийн Ховор амьтны судалгааны төв болон манай улсын Зэрлэг амьтан судлах, хамгаалах төв хар өрөвтас шувууг судлах, хамгаалах чиглэлээр хамтран ажиллахаар болжээ. Тус шувуу нэгэн үед Өмнөд Солонгост элбэг тархалттайд тооцогддог байсан бол ойн доройтол, хомсдол, хууль бус ангийн нөлөөгөөр сүүлийн жилүүдэд тоо толгой нь эрс цөөрч, үржлийн үедээ үзэгдэхээ больсон гэнэ. Иймд дээрх төвийнхөн дайжсан шувууг сэргээн нутагшуулах, өсгөн үржүүлэх ажлыг эхлүүлэхээр бэлтгэж буй аж. Үүний хүрээнд нэн түрүүнд нэг бүс нутгийн, хөрш зэргэлдээ орнуудад хар өрөвтасын нүүдэл, популяц, үржил, генетикийн олон янз байдлын судалгаа хийхээр төлөвлөж, Монголоос ийнхүү эхлүүлжээ.
Хар өрөвтасын адил устах аюулд ойртоод байсан цагаан өрөвтас, согсоот билүүс зэрэг шувууг солонгосчууд өмнө нь амжилттай сэргээн нутагшуулсан туршлагатай гэнэ. Мөн тус улсад бүрмөсөн устаж үгүй болсон баасны хар цохыг Монголоос нутагшуулжээ. Хар өрөвтасын экологи, биологийн чиглэлээр дагнан хийсэн судалгаа манай оронд үгүй тул энэхүү хамтын ажиллагаа онцгой ач холбогдолтойг Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийнхөн дурдлаа.
Ж.Сувд