Улс төрийн намын тухай хуульд үндсэн дүрэм, хөтөлбөр, бүтцээ нийцүүлэн өөрчилж, материалаа 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ны дотор Дээд шүүхэд хүргүүлэх үүргийг намууд хүлээгээд байсан билээ. Хуулийн эл хугацаанд багтан 29 намаас өргөдлөө өгсөн юм. Тэдний материалыг хянаж, алдаа дутагдлыг нь засуулсаар хагас жил өнгөрсөн байна. Дээд шүүхээс нам бүрд өргөдөл ирүүлсэн өдрөөс нь хамааран “засвар” хийх харилцан адилгүй хугацаа өгсөн.
Тэгвэл одоогийн байдлаар ИЗНН-аас бусад 28 намын үндсэн дүрэм, хөтөлбөрийг албан ёсоор бүртгэж авчээ. ИЗНН-ын материалыг ээлжит удаа буцааж, энэ сарын 29 хүртэл боломж олгосон гэнэ. Дотроо талцаж, хоёр даргатай болоод байсан эл намынхан нэг л учраа олохгүй, хуулийн шаардлагад нийцүүлсэн материал бүрдүүлж барахгүй байгаа бололтой. Гэхдээ нэгэнт материалаа хугацаандаа өгсөн, парламентад суудалтай нам учраас энэ сардаа багтаан албан ёсны дүрэмтэй болох биз ээ. Харин Улс төрийн намын тухай хуулийг тоогоогүй, дүрэм, хөтөлбөрөө нийцүүлээгүй үлдсэн найман намын хувь заяа бүрхэг үлдэж буй юм. Тэдгээрийг татан буулгах, эсвэл шууд идэвхгүйд тооцох тодорхой зохицуулалт хуульд байхгүй аж.
С.Уул