Монгол Улсад инфляц өндөр түвшинд хэвээр байна. Наймдугаар сарын байдлаар жилийн инфляц улсын хэмжээнд 12.5 хувь байгаа нь энэ оны инфляцын зорилт болох 6±2 хувийн дээд хязгаараас нэлээд өндөр үзүүлэлт юм. Наймдугаар сард инфляц өмнөх сарынхаас 0.5 нэгж хувиар буурсан нь хүнсний бүлгийн, тэр дундаа махны үнийн өсөлт саарсантай голлон холбоотой. Гэхдээ хүнснээс бусад бараа, үйлчилгээний үнэ сүүлийн саруудад илүү эрчимтэй өсөж буй нь инфляцын дарамт эдийн засгийн бусад хэсэгт ч тархаж байгааг харуулж байна.
Өнөөгийн инфляцыг нэг л шалтгаанаар тайлбарлах боломжгүй. Гуравдугаар сараас инфляц эрчимжихэд төрийн зарим албан хаагчийн цалин нэмэгдсэнээс гадна махны экспорт, нийлүүлэлтийн нөхцөлтэй холбоотойгоор махны үнэ огцом өссөн нь нөлөөлсөн. Махны үнийн жилийн өсөлт долоодугаар сард 60 хувьд хүрсэн. Үүний дараа дөрөвдүгээр сараас дизель түлшний үнэ нэмэгдэж, зардлын дарамтыг улам өсгөсөн бөгөөд энэ нөлөө бусад бараа, үйлчилгээний үнэд ч дамжин илэрч эхэлсэн.
Үүнийг бараа, үйлчилгээний бүлгүүдийн үнийн өөрчлөлтөөс харж болно. Тухайлбал, дөрөвдүгээр сард даатгал, санхүүгийн үйлчилгээний үнэ 17 хувь болж огцом өссөн. Зургаадугаар сард зочид буудал, зоогийн газрын үнийн өсөлт 15.2 хувь хүрсэн бол тээврийн бүлгийн үнэ дөрөв, долоо, наймдугаар сард дараалан өсөж, наймдугаар сард жилийн өсөлт нь 11.2 хувь болсон. Мөн согтууруулах ундаа, тамхины үнэ дөрөвдүгээр сараас хойш сар бүр өссөөр, жилийн өсөлт нь 14.2 хувь хүрсэн бол наймдугаар сард боловсролын үйлчилгээний үнэ 17.4 хувиар өссөн байна.
Энэ бүхнээс харахад эхний ээлжид тодорхой барааны үнэд гарсан огцом өсөлт аажмаар бусад бараа, үйлчилгээний үнэд нөлөөлж байна. Өөрөөр хэлбэл, инфляц цаашид цалин хөлс, үйлдвэрлэл, үйлчилгээний зардал, тээврийн өртөг, дотоодын эрэлт зэрэг олон сувгаар дамжин улам өргөн хүрээнд тархах эрсдэлтэй.
Энэ бол зөвхөн Монголын асуудал биш. Дэлхийн олон оронд инфляц дахин сэргэх шинж тэмдэг илэрч, төв банкууд мөнгөний бодлогоо чангаруулахад хүрч байна. Харин Монголын хувьд инфляцын түвшин олон улсын хэмжээнд ч өндөр хэвээр. “The Economist”-ийн мэдээлснээр өндөр хөгжилтэй орнуудын жилийн дундаж инфляц ихэнх төвбанкны зорилт болох хоёр хувь руу буурахаа больж, сүүлийн саруудад дахин өсөх хандлагатай болжээ. Евро бүсийн жилийн инфляц наймдугаар сард 3.3 хувь хүрсэн нь сүүлийн гурван жилийн хамгийн өндөр түвшин болсон байна.
Эдгээр оронд инфляц дахин нэмэгдэхэд эрчим хүчний үнийн өсөлт голлон нөлөөлж байна. Ойрх Дорнодын мөргөлдөөний улмаас газрын тос, байгалийн хийн үнэ өсөж, Европын байгалийн хийн үнэ дайнаас өмнөх түвшнээс хоёр дахин өндөр байна. Өвөл ойртох тусам хийн нөөцөө нөхөх эрэлт нэмэгдэх тул үнэ цаашид ч өсөх эрсдэлтэй. Евро бүсийн эрчим хүчний үнийн өсөлт аль хэдийн хоёр оронтой түвшинд хүрчээ.
Дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ ч 100 ам.доллароос давж, өндөр түвшинд хүрээд байна. Ойрх Дорнод дахь мөргөлдөөн болон нийлүүлэлтийн тасалдал үргэлжилбэл газрын тосны үнэ ойрын саруудад өндөр хэвээр хадгалагдах эрсдэлтэй. Энэ нь шатахуун, тээвэр, үйлдвэрлэлийн зардлаар дамжин дэлхийн инфляцын дарамтыг улам нэмэгдүүлэх нь. Гэхдээ инфляц зөвхөн эрчим хүчний үнээр хязгаарлагдахгүй байна. Өндөр хөгжилтэй орнуудын эрчим хүч, хүнсний үнийг хассан суурь инфляц 2.9 хувь болжээ. Мөн хөдөлмөрийн зардлаас ихээхэн хамаардаг үйлчилгээний үнэ өндөр хөгжилтэй орнуудын ихэнхэд өсөж байна. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний үнээс гадна цалин хөлс, үйлчилгээний зардал болон дотоодын эрэлттэй холбоотой үнийн дарамт хэвээр байна.
Энэ нөхцөл байдал төвбанкуудад 2021-2022 оны сургамжийг дахин сануулж байна. Тухайн үед инфляц огцом өсөхөд бодлого боловсруулагчид хангалттай хурдан хариу үйлдэл үзүүлээгүй гэж шүүмжлүүлж байсан. Тиймээс энэ удаа инфляц эдийн засагт улам гүн шингэсний дараа бус, эрт үед нь арга хэмжээ авах хандлага ажиглагдаж байна. ECB-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Isabel Schnabel эрчим хүчний үнийн өсөлт цалин хөлсөнд нөлөөлж эхлэхийг хүлээвэл бодлого боловсруулагчид дахин нөхцөл байдлын араас хоцрох эрсдэлтэйг анхааруулсан бол Словенийн төвбанкны ерөнхийлөгч инфляц тогтворжихыг хүлээх хэрэггүй гэж зөвлөжээ.
Энэ хандлага төвбанкуудын шийдвэрээс ч тодорхой харагдаж байна. Шинэ Зеланд есдүгээр сарын 2-нд бодлогын хүүгээ 0.25 нэгж хувиар өсгөж 2.75 хувьд хүргэсэн. Япон зургаадугаар сард 0.25 нэгж хувиар өсгөж нэг хувьд хүргэсэн бол БНСУ долоо болон наймдугаар сард тус бүр 0.25 нэгж хувиар өсгөж, бодлогын хүүгээ гурван хувьд хүргэсэн байна. Харин Австрали энэ онд гурван удаа, нийт 0.75 нэгж хувиар өсгөж, бодлогын хүүгээ 4.35 хувьд хүргэжээ. Ийм шийдвэрүүд нь төвбанкууд инфляцын дарамтыг түр зуурын үзэгдэл гэж хүлээхээс илүүтэй, үнийн өсөлт улам гүнзгийрэхээс өмнө бодлогын арга хэмжээ авч байгааг харуулж байна.
Европын төвбанк есдүгээр сарын 10-нд бодлогын гурван гол хүүгээ 0.25 нэгж хувиар өсгөж, хадгаламжийн хүүгээ 2.25 хувиас 2.50 хувь болгон нэмэгдүүллээ. Хүүгээ өсгөхөд Ойрх Дорнодын мөргөлдөөний улмаас эрчим хүчний үнэ өндөр хэвээр байгаа нь инфляцыг зорилтот хоёр хувиас удаан хугацаанд өндөр байлгах эрсдэлтэй болсон нь голлон нөлөөлжээ.
Харин АНУ-ын Холбооны нөөцийн сангийн есдүгээр сарын 15-16-ны хурлаар бодлогын хүү өсгөх хүлээлт үүсгэсэн нь дэлхийн зах зээлийн анхаарлын төвд орлоо.
Энэ бүхнээс харахад дэлхийн эдийн засагт мөнгөний бодлогын шинэ чангаралтын мөчлөг эхэлж болзошгүй байна. Инфляцын дарамт үргэлжилж, бодлогын хүүгээ нэмэгдүүлж буй төвбанкуудын тоо нэмэгдэж байгаа нь энэ хандлагыг дэмжив. UBS банкны үзэж байгаагаар бодлогын хүүгээ хараахан нэмэгдүүлээгүй зарим төвбанк ойрын хугацаанд чангаруулах мөчлөгт нэгдэж болзошгүй бөгөөд тэдний дунд Шведийн төвбанк, бүр Швейцарын төвбанк ч багтаж болзошгүй юм.
Монголбанк ч дотоодын инфляцын дарамтыг харгалзан наймдугаар сард бодлогын хүүгээ 12 хувиас 12.5 хувь болгон нэмэгдүүлсэн. Гэвч инфляцын дарамтыг зөвхөн энэ удаагийн өөрчлөлт, арга хэмжээгээр бууруулах боломжгүй. Инфляцтай тэмцэх мөнгөний бодлогын шаардлага хэвээр байгаа энэ үед төсвийн бодлого мөн адил чухал.
Энэ сургамж өнөөгийн Монголын төсвийн бодлогын хувьд онцгой ач холбогдолтой. 2026 оны төсвийн тодотголоор цалин хөлсний нэмэгдэл зэрэг урсгал шинжтэй зардалд 1.04 их наяд төгрөгийг дахин чиглүүлэхээр тусгасан. Үүн дээр долоодугаар сараас хойш бензиний үнэ өссөн, арваннэгдүгээр сараас төрийн зарим албан хаагчдын цалин болон тэтгэвэр нэмэгдэхээр байгаа нь инфляцын дарамтыг улам нэмэгдүүлэх эрсдэлтэй.
Мөн 2027 оны төсвийн төсөлд нэгдсэн төсвийн нийт зарлагыг 43.6 их наяд төгрөгөөр төлөвлөсөн нь 2026 оны батлагдсан төсвөөс 10.6 их наяд төгрөгөөр буюу 32.2 хувиар өссөн дүн юм. Энэ нь тавдугаар сард батлагдсан төсвийн хүрээнд тусгасан дээд хэмжээнээс даруй 7.1 их наяд төгрөгөөр буюу 19.5 хувиар өндөр. Эмпирик шинжилгээний үр дүнд үндэслэн тооцоход, энэ хэмжээний төсвийн тэлэлт нь хэрэглээний үнийн түвшнийг гурав орчим хувиар нэмэгдүүлэх дарамт үзүүлэхээр байна. Өөрөөр хэлбэл, төсвийн тэлэлт нь зөвхөн эдийн засгийн идэвхжлийг дэмжих бус, инфляц, ханшид нэмэлт дарамт үүсгэх замаар мөнгөний бодлогод тавигдах ачааллыг нэмэгдүүлэх эрсдэлтэй.
Ийм нөхцөлд инфляцыг түр зуурын хэдхэн хүчин зүйлээр тайлбарлаад өнгөрөх бус, үнийн өсөлт эдийн засагт хэр гүн, хэр өргөн хүрээнд шингэж байгааг анхаарах шаардлагатай.
Учир нь инфляц бол зөвхөн статистикийн үзүүлэлт биш. 2025 оны нэрлэсэн ДНБ 92.6 их наяд төгрөг байсны ойролцоогоор тал буюу 46.3 их наяд төгрөг нь өрхийн болон өрхөд үйлчилдэг ашгийн бус байгууллагын хэрэглээнд ногдож байна. Энэ хэмжээний хэрэглээнд 12.5 хувийн инфляц үйлчилж байгаа нь худалдан авах чадварт ойролцоогоор 5.8 их наяд төгрөгийн дарамт учруулж буйтай дүйцнэ. Өөрөөр хэлбэл, инфляц нь өрхийн орлого, хадгаламжийн бодит үнэ цэнийг бууруулдаг нэг төрлийн далд татвар болжээ.
Тиймээс Монголын хувьд инфляцын өнөөгийн түвшин болон цаашдын эрсдэлийг үл тоомсорлож болохгүй. Дотоодын эрэлт, төсвийн тэлэлт, шатахууны үнэ, цалин хөлсний өсөлт зэрэг хүчин зүйлс давхацвал инфляц өндөр түвшинд удаан хадгалагдах эрсдэл нэмэгдэнэ. Инфляцтай тэмцэхийн тулд мөнгөний бодлогын хатуу байдлыг хадгалах нь чухал. Бодлогын хүүг тодорхой дээд хязгаарт хүрсэн мэт үзэж, инфляц өндөр хэвээр байхад цаашид чангаруулах боломжгүй мэт зогсох нь үнийн өсөлтийг өндөр түвшинд илүү удаан хадгалах эрсдэлтэй. Инфляц өндөр түвшинд удаан үргэлжилбэл иргэдийн бодит орлого, худалдан авах чадвар цаашид буурна. Үүний зэрэгцээ ийм хэмжээний төсвийн тэлэлтийг зогсоож, төсвийн сахилга батыг хангахгүй бол инфляцын дарамт улам нэмэгдэж, улмаар ядуурал нэмэгдэх, төсөв болон өрийн тогтвортой байдалд эрсдэл үүсэх нөхцөл бүрдэхийг анхаарах шаардлагатай.
Дэлхийн инфляцын эсрэг тэмцэл шинэ үе шатандаа орж байж болох юм. Монголын хувьд ч энэ шинэ орчныг инфляцын түр зуурын өсөлт гэж харах бус, үнийн дарамт эдийн засагт хэр гүн сууж байгааг бодитоор үнэлж, эртнээс арга хэмжээ авах шаардлага улам бүр нэмэгдэж байна.
Д.Ган-Очиир