
Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга, НОБГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар нар ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээнийхээ талаар мэдээлэл өглөө.
НОБГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар “Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Улсын онцгой комисс болон нийслэлийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг хангуулан ажиллаж байна.
НБОГ, НОБГ, НЦУГ, Тээврийн цагдаагийн алба хамтран хөдөлгөөнт эргүүлийг өдөр бүр 103 чиглэлд хяналт шалгалтыг зохион байгуулж байна. Энэ хугацаанд бид ногоон бүст аялал зугаалгаар явж байгаа 251 иргэн, 89 автомашины аюулгүй байдлыг хангуулан уулнаас буулгах арга хэмжээг авлаа. Дөрөвдүгээр сарын 10-наас 27-ны өдрүүдэд нийслэлийн ногоон бүст гарсан гал түймрийн нөхцөл байдлыг товч танилцуулья. Энэ хугацаанд ой хээрийн дөрвөн удаагийн түймэр, шар өвсний 122 дуудлагаар ажилласан байна. Иргэддээ анхааруулж хэлэхэд хаврын хуурайшилтын улиралд ой хээрийн түймрийн нэн аюултай энэ үед ногоон бүст аялал зугаалгаар явахгүй, ил гал түлэхгүй байх, зайлшгүй тохиолдолд асаасан галаа бүрэн унтраадаг байх арга хэмжээг авахыг хүсч байна” гэв.
Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга “Ойн тухай хуулинд гуравдугаар сарын 20-ноос зургаадугаар сарын 10-ыг хүртэл хаврын хуурайшилтын үе байдаг. Гал түймрийн шалтгаан нөхцөлийг авч үзвэл өнжмөл өвс шатаах, ил задгай гал түлэх, гагнуур хийх, цахилгааны утсанд богино холбоо үүсгэх гэсэн шалтгаануудын улмаас ой хээрийн түймэр гарах нөхцөл бүрддэг. Тийм учраас иргэддээ энэ цаг хугацаанд эдгээр үйлдлүүдийг хийхгүй байхыг анхааруулж хэлмээр байна” гэв.