
Монгол Улсын Шадар сайдын тушаалын дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт “Ковид-19 халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилалтыг тавдугаар сарын 6-8-ны өдрүүдэд зохион байгуулна.
Өглөөний 08:00 цагаас оройн 18:00 цаг хүртэл Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт орох, гарах бүх хөдөлгөөнийг хориглох гэнэ. Энэ үед иргэд хөл хорионд орж өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангах үүргийг хүлээж оролцох ёстойг анхаарууллаа.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар “Жилийн турш үргэлжлэх “Хотын соёл” аяны хүрээнд олон ажлууд хийгдээд явж байна. Ирэх долоо хоногт коронавирусийн цар тахлаас хамгаалах дадлага сургуулилалтыг Чингэлтэй дүүрэг болон бусад хэд хэдэн байршилд зохион байгуулна. Энд хэвлэл мэдээллийн байгууллагууд идэвхтэй оролцож, иргэдэд зөв мэдээллийг хүргэж ажиллахыг хүсч байна. Мөн хотын соёлтой холбоотой болон бусад цаг үеийн мэдээ мэдээллийг иргэдэд шуурхай хүргэж ажилладаг хэвлэл мэдээллийн байгууллагууддаа энэ дашрамд талархсанаа илэрхийлье” хэмээлээ.