
БНХАУ-ын Энхтайван, хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаар барих 50 ортой хүүхдийн эмнэлгийн шав тавих ёслол өнөөдөр боллоо. Уг эмнэлэг Улсын Хоёрдугаар Төв эмнэлгийн хашаанд баригдах юм.
Ёслолын ажиллагааг нээж Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл үг хэлэхдээ "Улаанбаатар хотын эмнэлгүүдэд 933 хүүхдийн ор бий. Харин ханиад томууны улирлын үед 1,500 ор шаардлагатай болдог. Энэ үед төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг, дүүргийн эмнэлгийн том хүний орыг хүүхдийн ор руу шилжүүлэх гэх зэргээр зохион байгуулснаар сүүлийн гурван жилд хүүхдүүдээ коридорт хэвтүүлээгүй.

Бид 1,000 орны асуудлыг шийдвэрлэхийг зорьж байгаа. Шат дараатайгаар хэрэгжүүлэх энэ арга хэмжээнд БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сан тусалж байгаад талархаж байна. Хагас жилд багтаан Сонгинохайрхан дүүрэгт 200 ортой жишиг эмнэлэг ашиглалтад орно. Мөн Хан-Уул, Чингэлтэй дүүрэг 200 ортой жишиг эмнэлгүүдийг ашиглалтад оруулах юм. Ингэснээр иргэд гуравдугаар шатлалын эмнэлгийн үйлчилгээг дүүргээсээ авах боломжтой болох юм" хэмээн хэллээ.
Дээрх эмнэлэг нь БНХАУ-ын Энхтайван, хөгжлийн сан болон “Хангарьд хөгжлийн төв” ТББ-ын хамтын ажиллагааны хүрээнд баригдаж буй тав дахь эмнэлэг болж байна.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд хүүхдийн эмнэлгийг барихаас гадна нэн шаардлагатай байгаа бүхий л тоног төхөөрөмжөар хангах, эмч мэргэжилтнүүдийг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах цогц арга хэмжээг зохион байгуулдаг аж.