
Ихрүүдийн өдрийг манай улс жил бүрийн тавдугаар сарын нэгний өдөр тэмдэглэдэг болоод бараг 30 шахам жил болж байна. Монгол Улсад 2019 оны жилийн эцсийн байдлаар 18 хүртэлх насны нийт 18,228 ихэр хүүхэд байна. Үүнээс 17,918 нь хоёр ихэр, 310 нь гурван ихэр хүүхэд. Улсын хэмжээнд өнгөрсөн онд нийт 2,010 ихэр мэндэлсний 1,969 нь хоёр ихэр, 41 нь гурван ихэр хэмээн Үндэсний статистикийн хорооноос мэдээлж байна.

Тэгвэл ихрүүдийн өдрөөр "Өргөө" амаржих газрын тасгийн эрхлэгч, Анагаах ухааны доктор, клиникийн профессор Ш.Цэрэнсамбуу гурван ихэр охин мэндэлсэн тухай өөрийн цахим хуудсаараа дамжуулан дуулгав.

Тэрбээр "Энэ жил төрсөн гурван ихэр
Энгүй найзын минь гурван ач охин
Эрхэм агаагийн гурван дүү
Ээждээ алдарт цол авчирсан гурван маамуу
....20-иод жилийн өмнө жолооны курст хамт суралцаж танилцан сайхан нөхөрлөж яваа найз Маралхүү маань нэгэн өдөр ууган хүү нь найз охинтой болж, бэр гуйх болсон бөгөөд андын сайхан журмаар өнө удаан нөхөрлөсөн олон хүүхэд эх барьж авдаг буянт үйлстэй найзтайгаа хамт явнаа жил ус сайхан таарч байгаа гэсээр хүрч ирсэн юм. Тэр мөчөөс хойш удалгүй нэгэн өдөр найзынхаа анхны ач хүүг эх барин авч гуйсан бэр маань ээж, найзын ууган хүү маань аав, найзууд маань өвөө эмээ боллоо. Мөн он цаг үргэлжилсээр нэгэн өдөр сайхан залуу гэр бүл маань дахин жирэмсэн боллоо гэсээр орж ирэхэд Эхо-д харах үед гурван ихэр хүүхэд байж тэнд байсан бүх хүн бөөн баяр болж байсан цаг саяхан. Сайхан найзуудын минь ууган хүү гурван хөөрхөн охинтой, гуйж байсан бэр маань алдарт эх, агаа гурван охин дүүтэй, анд найзууд маань ач зээгээ нэгэн өдөр гурваар тэлсэн өвөө эмээ болов оо. Зөв сайхан амьдрахуй дор зөөлөн ээлтэй замбуулин минь.... Ихрүүдийн өдрийн баярын мэнд хүргэе! МОНГОЛЫН ҮРС МАШ ОЛОН БОЛТУГАЙ!" гэсэн байна.