
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан хэвлэл, мэдээллийн байгууллагын нийт ажилтнуудад хандан мэдэгдэл гаргалаа.
МЭДЭГДЭЛ
Монголынхоо нийт сэтгүүлчид, Хэвлэл мэдээллийн салбарын үе үеийн ажилтнууддаа Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг хүндэтгэн дэвшүүлье.
НҮБ-аас гаргасан Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах нэгэн чухал суурь үзүүлэлт нь дэлхийн өнцөг булан бүрт аж төрж буй бүх хүн хэвлэл мэдээллийн аливаа хэрэгслээр мэдлэг, мэдээллийг олж авах, түгээх, бусадтайгаа хуваалцах эрх чөлөөтэй байх явдал билээ. Ялангуяа дэлхий нийтийг хамарсан аюулт цар тахлын үед үнэн бодитой мэдээллээр ард иргэдээ хангаж, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх үйлсэд сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд томоохон хувь нэмэр оруулж байгаад талархлаа илэрхийлье.
Хэвлэл мэдээлэл хаалттай бус, чөлөөтэй хөгжсөний ачаар иргэд амьдарч буй нийгмийнхээ талаарх бүхий л мэдээллийг нээлттэй олж авахын зэрэгцээ төр засгаас оновчтой бодлого шийдвэр гаргуулахад оролцох, хяналт тавих нөхцөл бүрддэг. Тийм ч учраас нийслэл хотын зүгээс аливаа бодлого шийдвэр, амжилт ололт, алдаа дутагдлаа иргэд оршин суугчид, хэвлэл мэдээллийнхнээс нууж хаалгүй, ил тод нээлттэй байлгахад нэн түрүүнд анхаарч ажиллаж байна. Тухайлбал, нийслэлийн төсвийн орлого зарлага, нийслэлийн худалдан авах ажиллагаа, газартай холбоотой асуудлууд гээд томоохон салбаруудынхаа үйл ажиллагааг ил тод болгоод байгаа билээ. Хэвлэлийн эрх чөлөөний индексээр Монгол Улс сүүлийн жилүүдэд ухрах болсныг санаж, цаашид сэтгүүлчдийнхээ ажил мэргэжлээ гүйцэтгэх аюулгүй, хараат бус байдлыг хангахад хоёр дахин илүү анхаарч, хууль эрх зүйн орчны талаас ч бодолцох шаардлага тулгарч байна.
Иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, сайн засаглалыг бэхжүүлэхэд оролцоотой байх, хяналт тавих эрхийг хангахад сэтгүүлчдийн үүрэг хамгийн чухал. МЭДЭЭЛЭЛ хэмээх түлхүүрийг ард түмний гарт атгуулдаг, үнэний эрэлчин эрхэм хүндэт сэтгүүлчдийнхээ ажил үйлсэд өндөр амжилт хүсье.
Тогтвортой хөгжлийг хангасан, Сайн засаглал бүхий эрүүл, аюулгүй, амар тайван нийгмийг хамтдаа цогцлоохын ерөөл дэвшүүлье.