
Өнгөрсөн баасан гарагийн өглөө СХД-ийн 20-р хорооны нутаг дэвсгэр, тавдугаар баазын урд замд "Nissan Note" маркийн автомашины жолооч А нь урсгал сөрж замын хөдөлгөөнд оролцсон. Тухайн зөрчлийг ТЦА-ны алба хаагч илрүүлэн автомашиныг зогсоож шалгахад жолооч А цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг үл биелүүлж, биед нь халдсан хэрэг гарчээ.
Иргэн А-д Зөрчлийн тухай хуулийн 14.7.30-д заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сараар хасаж, 50 мянган төгрөгөөр торгож арга хэмжээ авсан байна.
Иргэн А зөрчил гаргасандаа харамсаж байгаагаа илэрхийлж, ийнхүү тайлбар хийжээ. Тэрбээр "Би Таван шарын уулзвар дээр эмнэлгийн хоол хүнс хүргэж өгөх гээд явж байсан. Гэвч түгжрэл ихтэй байсан болохоор урсгал сөрсөн. Энэ үеэр цагдаа намайг зогсоосон. Би тухайн үед их бухимдалтай явж байсан учраас цагдаатай бага зэрэг үл ойлголцсон. Ингэхдээ ямар үйлдэл хийснээ өөрөө ч анзаараагүй. Замын цагдаад муухай ааш гаргасандаа уучлал хүсэж байна. Жолооч нартаа хандаж хэлэхэд замын хөдөлгөөндөө соёлтой оролцож, цагдаа нараа хүндэлж байгаарай" хэмээн захилаа.