
ХӨСҮТ-ийн лабораторид хийгдсэн шинжилгээний хариуны талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээллээ.
Тэрбээр "Өчигдрийн байдлаар 66 хүнд шинжилгээ хийлээ. Тухайлбал, Ттандалтын зорилгоор цуглуулсан 18 ийлдсийн шинжилгээнд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан дөрвөн хүний болон ажиглах байруудад тусгаарлагдсан 22 хүний давтан шинжилгээнээс коронавирус илрээгүй. Дархан-Уул аймгийн Вирус судлалын салбар лабораторид Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 22 жолоочоос шинжилгээ авахад коронавирус илрээгүй.
Өнөөдөр нэг хүн эдгэрч, ХӨСҮТ-ээс гарч, дараагийн хяналт руу шилжлээ. Энэ хүн ХӨСҮТ-д 48 хоног эмчлүүлсэн. Дараагийн хяналтын үед нь түүнээс давтан шинжилгээг авч, хянах юм" гэлээ.
Мөн тэрбээр COVID-19-өөр өвчилсөн хүмүүсийн биеийн байдлын талаар "Өвчилсөн хүмүүсийн хоёр нь хүүхэд байсан бөгөөд эдгэрч гарсан. Ихэнх нь залуухан оюутан байгаа. Мөн 64 настай хүн ч бий. Өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой байна. Жирэмсэн, хорт хавдартай, уушгины хатгаатай зэрэг давхар оноштой хүмүүс халдвар авсан байгаа. Гэхдээ бид эмчилгээ, оношилгоонд анхааран ажиллаж байна" гэв.