Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах үйл явц болон холбогдох бусад асуудлаар УИХ-ын гишүүн Б.Тулга өчигдөр мэдээлэл өглөө.
Тус комиссын долоон гишүүний тавынх нь бүрэн эрхийн хугацаа дуусаж байгаатай холбогдуулан УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнгөрсөн сарын 26-нд хуралдаж, нэр дэвшигчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгуулан, бүртгэх, материал хүлээн авах хугацааг энэ сарын 6 хүртэл сунгахаар шийдвэрлэсэн. Тэрчлэн сонгон шалгаруулах журамд өөрчлөлт оруулж, нэр дэвшигчийн мэргэжлийн туршлага болон өмнө нь эрхэлж байсан улс төрийн шаардлагуудыг хассан нь нам, улс төрийн нөлөөллөөс ангид байж, бие даасан шийдвэр гаргах ёстой ХЭҮК-ын хараат бус байдлыг алдагдуулах эрсдэлтэй хэмээн иргэний нийгмийн байгууллагынхан, судлаачид шүүмжилж эхэлсэн юм. Тэгвэл тус комиссын гишүүдийг олон нийтийн хяналтад, нээлттэйгээр сонгон шалгаруулж, хараат бус байдлыг нь баталгаажуулах бодлого баримтлан ажиллаж байгааг УИХ-ын гишүүн Б.Тулга хэлэв.
Тэрчлэн нэр дэвшигчдэд тавьдаг “ял шийтгэл эдэлж байгаагүй” гэх зэрэг зарим хатуу шалгуур нь Үндсэн хууль зөрчиж байгааг тэрбээр дурдаад, хуулиас давсан журмуудыг цэгцлэх цаг болсон гэв. Мөн “Гэмт хэргийн улмаас ял шийтгэл хүлээсэн хүнийг насан туршид нь яллаж, төрд ажиллах, төрийн аливаа үйл ажиллагаанд оролцохыг хориглох, үр хүүхдийг нь хэлмэгдүүлэх зэргээр хохироодог байсныг Монгол Улс 1992 оны Үндсэн хуулиар халсан. Алдаа гаргаж, ял шийтгэл эдэлсэн бол тэр нь тодорхой хугацааны дараа хүчингүй болдог тогтолцоонд шилжээд 35 жил болж байна. Үндсэн хуулийн энэ зарчмыг баримтлан ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигчид тавих шаардлагатай холбоотой журамд өөрчлөлт оруулсан. Авлига, албан тушаалын хэрэгт холбогдон, ял шийтгэл хүлээсэн тохиолдлыг үүнд хамааруулахгүйг тодотгоё” гэсэн юм.
Ж.Сувд