Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөр нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтийн Судалгааны газрын дарга асан М.Доржпалам, Захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байсан Э.Бат-Эрдэнэ, Хүний нөөц, хуулийн ахлах мэргэжилтэн асан О.Сарангэрэл нарт холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцэн шийдвэрлэлээ. Тэд “Монгол гэр бүлийн харилцааны хэв шинж, өөрчлөлт” хэмээх судалгааны ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүнээр ажиллахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, холбогдох хууль тогтоомж зөрчин, хурлын тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн хэрэгт холбогдсон байна. Улмаар “Мирим консалт” гэх компанийг тухайн ажлын гүйцэтгэгчээр шалгаруулж давуу байдал бий болгожээ. Уг сонгон шалгаруулалтын дагуу Хөдөлмөр нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтээс “Мирим консалт” ХХК-д санхүүжилтийг нь шилжүүлсэн аж. Ингэснээр тухайн институтэд 91 сая төгрөгийн хохирол учруулсан байна. Нийслэлийн прокурорын газраас М.Доржпалам, Э.Бат-Эрдэнэ, О.Сарангэрэл нарт Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсэг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэх заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдэж, дээрх шүүхэд шилжүүлсэн юм.
Шүүхээс эдгээр албан тушаалтныг бүлэглэн эрх мэдлээ урвуулан ашигласан гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг нь хоёр жил хасан, нэг жил нэг сарын хугацаагаар оршин суугаа дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлан зорчих эрхийг нь хасах ял шийтгэжээ. Мөн иргэний хариуцагч “Мирим консалт” ХХК-иар 91 сая төгрөг төлүүлэхээр болов.