Тагнуулын төв газар (ТТГ)-ын ажилтан, маргах юм үгүй өндөр нэр хүндтэй Дэвид Раш Америкийн түүхэн дэх хамгийн ноцтой гэж хэлж болох хэргийг ганцаараа хэрхэн үйлдээ вэ. Тэдний гэрт нэгжлэг хийсэн Холбооны мөрдөх товчооны ажилтнууд доод хонгилоос нь 300 алтан гулдмай, бэлэн мөнгөтэй чемоданууд, үнэт ховор цагны цуглуулга, хэд хэдэн тансаг байрны гэрчилгээ, баримт бичиг олсон байна. 49 настай Раш залилж мэхэлсэн үйлдлээ Виржинийн холбооны шүүхэд 2026 оны аравдугаар сарын 6-нд хүлээжээ. ТТГ-ын ажилтан олон арван сая ам.долларыг ганцаар хэрхэн хулгайлав, үүний тулд гадаадын тусгай албадтай яагаад хуйвалдав, энэ үйлдэл нь Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаанд хэрхэн нөлөөлөв гэсэн асуултад хариулахыг оролдъё.
Дэвид Раш гэж чухам хэн гээч болох нь ихэд нууцлаг. Хаана төрсөн хийгээд гэр бүлийнх нь талаар мэдээлэл тун ховор. 1997 онд флотод алба хаших болсон, 2015 онд Тэнгисийн цэргийн дэслэгч цолтой халагдсан гэх мэдээлэл бий. Хэд хэдэн удаа бүтэлгүйтэн байж 2009 онд ТТГ-т ажиллах болжээ. Сүүлийн жилүүдэд тагнуулын ажлын арга техникийг боловсруулдаг Шинжлэх ухаан, технологийн газарт нь удирдах ажил хийв. Телевизийн NBC сувгийн эх сурвалжийн мэдээлснээр тэрбээр ТТГ, Пентагон хоёрыг холбодог байсан бөгөөд Батлан хамгаалахын орлогч сайд Стив Файнбергтэй маш ойр хамтран ажилладаг байв.
ТТГ-т ажилд орохын тулд Раш 2009 онд намтраа зохиож, их сургууль, дээд сургууль төгссөн, Тэнгисийн цэргийн хүчний нисэгч хэмээн танилцуулсан нь мөрдөн шалгах ажиллагааны дүнд тодорхой болсон байна. Тэгснээ цэргийн эмч юм уу, нисэгч хэмээн энд ажиллах хугацаандаа нэлээд хэдэн жил хамтран ажиллагсдынхаа толгойг эргүүлж байсан аж. Түүний хэлсэн нь бүгд худал байсныг мөрдөн шалгаж тогтоожээ.
Раш “маш нууц” гэсэн тэмдэглэл ашиглан мөнгө завших хэдэн ер бусын схем бий болгосон байв. “New York Times” сонинд тэмдэглэснээр ТТГ-т өндөр гэж хэлж болох алба хашиж, итгэл найдвар олж авчээ. Ажиллаж байхдаа хамт олныхоо итгэлийг хүлээх үүднээс өөрийн цэргийн хийгээд боловсролын туршлагын талаар худал ярьдаг байж. Албан ажлын байдлаа ашиглан хуурамч, хаалттай хөтөлбөрүүд бий болгов. Трампын захиргааны ажилтнууд биечлэн дэмждэг нууц тусгай ажиллагаа эрхэлдэг хэмээн бусдадаа итгүүлжээ. Үнэн хэрэгтээ хуваарилсан мөнгө нь түүний мэдлийн компаниудын дансанд орж, мань эр түүнийг өөрийн хэрэгцээнд зарцуулдаг байв. Энэ үйлдэлд нь оролцдог өөр хүн байхгүй, бүгдийг нь тэр ганцаар хийнэ. Уг схемээрээ Раш 145 сая ам.доллар завшиж, Флорида муж дахь рашаан амралтын Палм-Бич хотод үл хөдлөх хөрөнгө авч, авто машины замд хөрөнгө болгон оруулсан байна.
Мөнгөний талаар холбогдох хүмүүс лавлахад тухай бүрд нь “нууц” хэмээдэг байсан нь сая сая ам.долларыг аливаа хяналт шалгалтгүйгээр зарцуулах боломж олгодог байв.
Өөр нэг айхавтар луйвар хийсэн нь “Засгийн газрын хүнд хэцүү даалгавар” биелүүлэх үүрэг авсан, түүнийг хэрэгжүүлэхийн тулд мөнгө хэрэгтэй гэж мэдэгдээд ТТГ-аас 44.6 сая ам.доллараар үнэлэгдэх 298 алтан гулдмай авч, түүнийг тарааж өгсөн гэдэг ч сууцынхаа доод хонгилд нууж орхисныг нь Холбооны мөрдөх товчооны ажилтнууд нэгжлэг хийж олсныг дээр өгүүлсэн. Раш нийтдээ 194 сая ам.долларыг өөрийн зохиосон хуурмаг схемээрээ завшжээ.
Гадаадын тагнуулын байгууллагын ажилтанд онцгой нууц мэдээлэл дамжуулснаа Раш өнгөрсөн онд хүлээсэн байна. Уг мэдээлэл АНУ-ын үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой байв. Тухайн улсад байсан Америкийн тагнуулын байгууллагын нууц мэдээлэгчийг илчилснээ ч бас хүлээсэн аж. Энэ нь тухайн ажилтанд төдийгүй түүнтэй хамтарч ажилладаг бусад хүмүүст ч аюул нүүрлүүлэв.
Алтан гулдмайнууд хулгайлах ажиллагааныхаа улмаас Раш илчлэгджээ. ТТГ дотооддоо аудит хийсний дүнд алга болсон хөрөнгө нь хаашаа орсныг мэджээ. Тэр алтаа хаанаас ч олж чадахгүй, уг хөрөнгийг юунд зарцуулсныг ч илтгэх ямар нэг албан ёсны бичиг, тэмдэглэл байхгүйг шалгалт харуулав. Хэргийн сэжүүрээс барьмагцаа албан ёсоор эрүүгийн мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр ТТГ-ын захирал Жон Рэдклифф Холбооны мөрдөх товчоонд хандав.
2026 оны тавдугаар сарын 19-нд уг товчооны ажилтнууд Рашийн гэрт нэгжлэг хийгээд 40 гаруй сая ам.доллароор үнэлэгдэх 303 алтан гулдмай, бэлэн хоёр сая ам.доллар, 139 мянган ам.доллартай тэнцэх гадаад валют, 35 ширхэг өндөр үнэтэй цаг олсон байна.
АНУ-ын Хууль зүйн яам мэдээлснээр Рашийн худалдаж авсан бүх үл хөдлөх хөрөнгө, автомашинуудыг дуудлагаар худалдаж, олсон мөнгийг холбооны төсөвт эргүүлэн тушаах юм байна. Түүнд 20 жилд шоронд хорих ял оноохоор төлөвлөж буй ч Рашийг АНУ-ын үндэсний аюулгүй байдалд хохирол учруулсан гэж үзэж байгаагаас насаар нь хорих шийтгэл хүлээлгэхийг хууль шаардаж байгаа аж. Раш суллагдсан хойноо ч гурван жил шүүхийн хараа хяналтад байх юм. Шүүхийн шийдвэрийг 2027 оны нэгдүгээр сарын 28-нд сонсгоно.
Залилж, луйвардсан үйлдлээ хүлээсэн ТТГ-ын өндөр албаны ажилтан асан Дэвид Рашийн хэрэг АНУ-ын тусгай албадад авлига газар авсныг, энэ нь эрх баригч нам хийгээд Ерөнхийлөгчөөс үл хамаарч буйг харуулжээ. Чөлөөнд байгаа хурандаа, улс төр судлаач Эрл Расмуссен сэтгүүлчийн асуултад хариулахдаа ийн хэлсэн байна.
Энэ хэрэг Жо Байден, Дональд Трампыг оролцуулаад хэд хэдэн засаг захиргааны үед үйлдэгдсэн нь илэрхий. Уг хэрэг шуугиан тарьж буй нь гарцаагүй ч хэн ч гайхах ёсгүй. Расмуссений тэмдэглэсэнчлэн Рашийн өдөөсөн гэмт хэрэг АНУ-ын Ерөнхийлөгч болон түүний бодлогод доргилт үүсгэхгүй. Хэрэг үйлдэгч нь эрх баригч засаг захиргааны үүрэг даалгавар гэдгээр халхавчилсан нь Америкийн тусгай албад эрх мэдлийн бусад байгууллагаасаа ихээхэн хол хөндий байдгийг харуулжээ. Энэ дуулиант хэрэг Цагаан ордны эзэнд ашигтай тусахыг үгүйсгэхгүй гэж улс төр судлаач үзэж байна. “Зарим талаар энэ хэрэг эерэг үр дүнтэй гэж хэлж болно. Өнөөгийн засаг захиргааны өнгөн дээр Раш илчлэгдэж, хариуцлага хүлээх нь байна шүү дээ. Тиймээс Трампад сөрөг нөлөө үзүүлэхгүй. Харин гадаад бодлого, худалдаа, эдийн засаг гээд тэрбээр толгой даан шийдвэр гаргаж байгаа салбарууд нь л түүнд аюул тарьж мэднэ” гэж Эрл Расмуссен дүгнэсэн байна.
Р.Жаргалант