Британийн “Wanderlust” сэтгүүлийн уншигчдын нэрэмжит шагналын “Шинээр хөгжиж буй аялал жуулчлалын тэргүүлэх чиглэл” номинацын шилдэг 10-ын нэгээр Монгол Улс шалгарчээ. Дэлхий дахинаа алдартай тус сэтгүүл аялагчдын зорин очихыг хүсэж буй газар, шинэ маршрут, тэргүүлэх чиглэл, брэндийг мянга мянган уншигчийнхаа саналаар тодруулаад 25 жил болсон бөгөөд өдгөө энэ нь олон улсын аялал жуулчлалын хамгийн нэр хүндтэй шалгаруулалтад тооцогддог юм. Өнгөрсөн жилийн шалгаруулалтад 200 000 мянга гаруй хүн оролцож, давхардсан тоогоор 4.9 санал өгсөн бол энэ оныход 250 мянган уншигчийг хамруулсан байна.
“Шинээр хөгжиж буй аялал жуулчлалын чиглэл” номинацын тэргүүн байрт Австрали, Япон, АНУ шалгарч, алт, мөнгө, хүрэл өргөмжлөлийн эзнээр тодорсон бол удаах байрт Саудын Араб, Гренланд, Монгол, Армени, Белиз, Сан-Марино, Молдав жагссан.
“Wanderlust” сэтгүүлийн уншигчдын нэрэмжит шагнал гардуулах ёслол ирэх сарын 4-нд Лондон хотод болох аж. Энэ талаарх албан захидлыг Аялал жуулчлалын мэргэжлийн холбоонд ирүүлжээ.
Ж.Сувд