Алгын чинээ охиндоо аав нь үдэш болгон алим авчирч өгдөг байлаа. Охин “өөрийн мэдлийн” халаасыг тэмтэрч, “Энэ чинь одоо юу-уу вэ-ээ” гэж мэдэн будилах бөгөөд “бөмбөг”, “өндөг”, “нар”, “сар” гэж албаар баахан зөрүүлсний эцэст алгандаа улаахан алимаа тосно. Ингээд аавдаа, ээждээ, агаадаа, бас өөртөө хуваана даа. Охиныг хөлд орсноос хойш бүтэн жил үргэлжилсэн аав, охины алимтай наадаан өнөөдрөөс тасарч байна. Аав нь ажлаасаа халагдав. Алим авах мөнгө одоо түүнд үгүй.
Эдийн засгийн хямрал болж байна. Гадаадын хөрөнгө оруулалт тэгтэй тэнцэж, Монгол Улсын гадаад өр 20 тэрбум ам.доллар, Засгийн газрын дотоод өр дөрвөн их наяд төгрөг давлаа. Төрийн сан зарлагаа хааж, аж ахуйн нэгжүүдэд мөнгө хомсдов. Гэсэн ч хямралыг өрх бүр өөрийнхөө хэр чадлаар даван туулах эрмэлзэлтэй. Ямар дайн тулаан биш. Учир нь олдоно. Гэвч бүсээ чангалах хэмжээ хүн бүрт адилгүй тул өнчин, ядуу, хүүхэд, хөгшдийн гэрт гал алдаад эхэлжээ. Өлсөж, даарч, зовж зүдэрч яваа хэсэгтээ гараа сунгая, урам хайрлая, монголчууд аа.
Хямралын тухай ярихад Өмнөд Солонгосын эмэгтэйчүүдийн түүх олонтаа сонсогддог. Тэд өөрт байгаа алт мөнгө, ер үнэд хүрэх бүхий л эрдэнэсээ цуглуулан Засгийн газартаа хандивласан гэдэг. Түүгээр нь улстөрчид БНСУ-ыг хөгжүүлсэн гэвэл жаахан хачиртай халил биз ээ. Харин эмэгтэйчүүдийнхээ эх оронч үзэл, чин сэтгэлийн өглөгт урамшиж, хүчээ нөөх эрхгүй өдөржин, шөнөжин ажиллаа болов уу. Өмнөд Солонгосыг өнөөгийн өндөр хөгжилд хүрэхэд эдийн засгийн бэрхшээлийн үед биесээ дэмжин өндийсөн ард түмний сэтгэлийн хүч гол түлхэц болсон түүхтэй.
Яг үүнтэй ижил сайхан түүхийн бамбарыг эх орондоо асаах гэгээн үйлстнүүд Монголоор минь дүүрэн гэдэгт итгэхийг хүснэ. Түүчээ нь болж манлайлахыг ертөнцөд алдраа дуурсгасан спортын ододдоо уриалъя. Хурд, хүч, авхаалж самбааны оргилыг эзэлж, дэлхийн магнайд төрийнхөө сүлдийг мандуулахад тань монгол хүн бүрийн зүрх нэгэн зэрэг бахархлаар омогшин цохилдог. Үүнийг ганцхан та нар л чаддаг.
Монгол Улсад олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн 60 орчим тамирчин бий. Тэд төрөөс насан туршдаа сард 1-4 сая төгрөгийн урамшуулал хүртдэг болсоор гурван жилийн нүүр үзэж байна. Энэ бол тэдний амжилтыг үнэлж, ард түмнээс нь хайрласан хишиг билээ. Эдийн засгийн хямралтай энэ цаг үед төрөөс тогтмол цалинжиж буй алдар гавьяатнууд минь өвдөж зовсон, өнчирч үгүйрсэн, өлсөж даарсан хүмүүст өглөгийн буян үйлдээрэй. Хямрал хийгээд хахир өвлийг давах сэтгэлийн тэнхээ хайрла. Араасаа олон мянган хүнийг дагуулах хүч ганцхан та нарт байж ч магадгүй шүү. Нэгнээ, эх орноо гэсэн урам зоригоор урагшилцгаая.
Аав ажилтай болбол охин дахиад л алимаа хуваана...
Б.Энхцэцэг