Өмнөговийг олон улстай холбосон анхны нислэгийг үндэсний агаарын тээвэрлэгч “Хүннү эйр”-ийнхэн энэ сарын 18-нд амжилттай үйлдэж, 80 гаруй жуулчин өмнийн их говьд аялахаар иржээ. Даланзадгад сумд 19.00 цагт салхи, шороон шуургатай, бороо хавсран орсныулмаастухайн нислэг цаг агаарын хүндхэн нөхцөлтэй тулгарсан ч Япон улсын Нагано мужийн Мацумото хотоос хөөрсөн манай онгоц 20:18 цагт “Гурвансайхан” нисэх буудалд амжилттай газардсан байна.
Энэхүү үйл явдал нь Монгол Улсын бүсчилсэн хөгжлийг дэмжих, орон нутгийн агаарын тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал алхам болж буйг албаныхан онцоллоо. Тодруулбал, говийн бүсийнхэн олон улсын шууд нислэгтэй болсноор гадаадын жуулчид нийслэлээр дамжихгүйгээр орон нутагт шууд зорчих, аяллын цаг хугацааг хэмнэх, эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх бодит боломж бүрдэж байгаа аж. “Хүннү эйр” компани өмнө нь буюу 2025 онд БНСУ-ын Чонжу хотоос Хөвсгөл аймгийн “Мөрөн” нисэх буудалд олон улсын шууд нислэг үйлдэж байсан туршлагатай. Цаашид “Гурвансайхан”-аас тогтмол нислэг үйлдэх гарцыг нээж, Өмнөговийг Зүүн хойд Азийн аялал жуулчлалын шинэ зангилаа болгон хөгжүүлэх суурийг ийнхүү тавилаа.