Ахмад настанд тулгамддаг асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор Ахмад настны талаар 2026-2028 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан баталлаа. Манай улсад энэ оны эхний улирлын байдлаар 55- аас дээш насны эмэгтэй, 60-аас дээш насны эрчүүдийн тоо 431.6 мянгад хүрсэн нь нийт хүн амын 11 гаруй хувийг эзэлж байна. Хүн амд ахмад настны тоо нэмэгдэхийн хэрээр эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээний эрэлт, хэрэгцээ дагаад өсдөг. Иймд дээрх төлөвлөгөөнд тэдний орлогын баталгааг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тасралтгүй тогтолцоог хөгжүүлэх, ахмад настны нийгмийн оролцоог дээшлүүлэх, цахим технологийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ, мэдээллийн системийг бэхжүүлэх гэсэн зургаан үндсэн зорилтын хүрээнд зохих арга хэмжээнүүд авахаар тусгажээ.
Мөн Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсны дагуу ахмадын сан байгуулах, ажиллуулах, тэдэнд ээлтэй аймаг, дүүрэг, сум, хороо, аж ахуйн нэгж, байгууллага бий болгох, мэргэжил, туршлага, ур чадварт нь түшиглэн залуу үеийг сургах, насжилтын талаар нийгэмдэерэг ойлголт, хандлага түгээх, судалгаа, мэдээллийн тогтолцоо бүрдүүлэх замаар эрхийг нь хангахад салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах юм.
Сонирхуулахад, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хүн амыг эрүүл, чанартай насжилтад бэлтгэх, ахмад настны хөгжлийн төвүүд байгуулах, асаргааны олон хувилбарт үйлчилгээ үзүүлэхээр тусгасан. Үүний хүрээнд өнгөрсөн онд хувийн 60 хэвшил, төрийн бус байгууллагатай гэрээ хийж, идэвхтэй насжилтыг дэмжих үйлчилгээнд давхардсан тоогоор 65 457, асаргааны хувилбарт үйлчилгээнд 2362 хүнийг хамруулахад нийгмийн халамжийн сангаас нийт 2.2 тэрбум төгрөг зарцуулжээ.