
Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК 70 жилийн ойгоо тохиолдуулан “Монголшуудан” ХК-тай хамтран “МИАТ70” шуудангийн маркийг албан ёсоор гүйлгээнд гаргажээ. Маркийн загварт тус компанийн албан ёсны лого болон тэнгэрт дүүлэн нисэж буй “Boeing 787-9 Dreamliner” агаарын хөлгийг дүрсэлсэн байна. МИАТ 2023 оноос уг агаарын хөлгийг ашиглаж эхэлсэн нь холын зайн нислэг хийгээд олон улсын жишигт нийцсэн үйлчилгээ, технологийн шинэчлэл, хөгжлийн илэрхийлэл гэнэ.
“Монголын үндэсний агаарын тээвэрлэгч компанийн хувьд энэ нь олон улсын зах зээлд тэлэх стратегийн нэг томоохон алхам учраас цаашид илүү олон улс оронд хүрэхийг бэлгэдэн бид “Boeing 787-9 Dreamliner”-ийг түүхт ойн шуудангийн маркт тодотгож оруулсан” хэмээн захирал Т.Тэлмэн нээлтийн үеэр хэлэв. “Монголшуудан” ХК-ийн зүгээс уг марк нь Иргэний агаарын тээврийн салбарын түүхэн ойг олон нийтэд таниулан хүргэхээс гадна баримтыг архивлан үлдээх ач холбогдолтойг мөн онцолжээ.
Л.НЯМ