ОХУ-ын Новосибирск хотод энэ сарын 3-7-нд болж буй “Монголын өдрүүд” арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл тэргүүтэй Улаанбаатар хотын төлөөлөгчид оролцож байна. Айлчлалын хүрээнд Улаанбаатар хот Новосибирсктой жижиг, дунд үйлдвэрлэл, барилга, боловсрол, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах нийт найман гэрээ байгуулжээ.
Үүнээс хамгийн том гэрээ нь Улаанбаатар дахь хуучин, оросуудын барьсан барилгуудыг сэргээн засварлах гэрээ аж. Новосибирск хотын дарга Анатолий Локоть “Барилгын салбарт хамтран ажиллах тодорхой саналуудыг бид хүлээн авсан. Хоёр улсын Ерөнхийлөгч нарын уулзалтаар ОХУ-аас Монголд 160 тэрбум рублийн зээл олгохоор болсон байгаа.
Энэ хөрөнгөөр бид Улаанбаатарт хэд хэдэн төсөл хэрэгжүүлэх бодолтой байна. Юуны өмнө хуучин ЗХУ-ын үед баригдсан тав, ес, арванхоёр давхар угсармал барилгуудыг сэргээн засварлах ажлыг Новосибирскийн барилгачид гүйцэтгэнэ.
Эдгээр барилгын ашиглалтын хугацаа нь дуусаж, их засвар хийх шаардлагатай болсон гэж Монголын тал мэдэгдсэн. Энэ нь нэг талаас Монголын эдийн засагт ОХУ-аас оруулж буй хөрөнгө оруулалт бол бидний хувьд эдийн засгийн хямралын үед ашиг олох боломж юм” гэж мэдэгджээ.
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Улаанбаатарын гэр хорооллыг өөрчлөн шинэчлэх ажилд ч Новосибирскийн барилгачдыг оролцуулах бодолтой байгаагаа илэрхийлж, Улаанбаатарт мал эмнэлгийн төв барьж, мэргэжилтнээр хангахыг Оросын талаас хүссэн байна.
Энэ төвөөс Новосибирскт үхрийн мах нийлүүлэх төсөл хэрэгжүүлэх аж. Мөн талууд ойрын үед Новосибирск хотод Монголын Консулын газар нээхээр тохиролцжээ.
М.СУГАР-ЭРДЭНЭ