Энэ өвөл бичин жил тохионо. Бусад жилүүдтэй харьцуулахад хахир, хүйтэн өвөл болдог учир байгаль цаг агаарын болзошгүй бэрхшээлээс сэрэмжтэй байж өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангах хэрэгтэй гэдгийг мэргэжилтнүүд сануулж байгаа.
Тэгвэл дулааны цахилгаан станцууд өвөлд бэлэн эсэхийг мэргэжилтнүүдээс тодруулахад:
"Дулааны 4-р цахилгаан станцын төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 70 хувь, нийслэлийн дулааны 60 гаруй хувийг хангадаг. Сүүлийн 2 жилийн хугацаанд Хөгжлийн банкны санхүүжилт 70 орчим сая доллараар тус станцыг 123 мвт-аар өргөтгөх ажил өрнөж, үйл ажиллагаа нь өнгөрсөн хавраас жигдэрсэн. Ингэснээр манай улсын эрчим хүчний чадал 13.5 хувиар нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл 4-р цахилгаан станцын суурилагдсан хүчин чадал нь 700 гаруй мвт болж, 500 орчим мянган айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангана" гэв.
Түүнчлэн хөдөө орон нутагт байгаа хувьчилагдсан дулаан, цахилгааны станцууд цахилгааныхаа төлбөрийг төлдөггүй учраас улсад хохирол учруулсаар ирсэн. Хэдийгээр орон нутгийнхан өр төлбөртэй ч гэсэн өвлийн бэлтгэлээ хангах боломжыг олгоод байгаа юм байна.
Сүүлийн 10 жил манай улсын дулаан, цахилгааны станцууд суурилагдсан хүчин чадлаа тултал нь ашиглаж, нэмээд ОХУ-аас эрчим хүч авснаар гал алдалгүй явж ирсэн. Тэгвэл энэ жил дулааны 3, 4-р цахилгаан станцууд өөрийн гэсэн нөөц хуримтлуулах хүчин чадалтай болсон. Ингэснээр импортын эрчим хүч ч тодорхой хэмжээгээр багасна. Үүнийгээ дагаад гадагшаа гардаг валютын урсгал ч татарна. Нэг үгээр хэлвэл эрчим хүчний салбар бичин жилийн өвлийг асуудалгүй давна гэж тооцож байгаа аж.