Монгол Улсын өрсөлдөх чадвар сайжирсангүй гэсэн таагүй мэдээллийг өнөөдөр "Нээлттэй нийгэм форум"-аас өглөө.
“Нээлттэй нийгэм форум”-ын Эдийн засгийн бодлогын хөтөлбөрийн менежер Д.Оюунбадам: “Дэлхийн эдийн засгийн форум жил бүр улс орнуудын өрсөлдөх чадварын тайланг гаргадаг. 2015-2016 оны тайлангаас харахад манай улс 140 орноос 104-т эрэмбэлэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, манай улсын өрсөлдөх чадварын түвшинд ахиц дэвшил гараагүй байна гэсэн үг. Улс орнуудын өрсөлдөх чадварыг 12 хүчин зүйлд түшиглэн үнэлдэг. Хамгийн дээд тал нь долоон оноо авч байж, өрсөлдөх чадвар нь хангалттай сайнд тооцогдох ёстой. Гэтэл манай улс 3.2-3.9 оноо л авсаар өнөөдрийг хүрсэн. Энэ үнэлгээг сурагчийн үнэлгээтэй зүйрлэвэл муу гэж ойлгож болно” хэмээн ярилаа.
Дэлхийн эдийн засгийн форумын тайланд манай улс 2005 онд нэгдсэн. Хөгжиж байгаа, хөгжингүй улс орнуудын хувьд энэ тайланд үндэслэн цаашид макро эдийн засгаа хэрхэн сайжруулах вэ, хүний хөгжил, бизнесийн орчныг хэрхэн тогтвортой байлгах вэ гэдэгт анхаардаг аж. Гэтэл манай улс судалгаагаар ил болсон асуудлуудыг шийдэж чадалгүй өрсөлдөх чадвараараа дэлхийн улс орнуудаас сүүл мушгиж байна.
Өндөр хөгжилтэй орнуудын хувьд Швейцарь, Сингапур, АНУ, Герман, Нидерланд, Япон зэрэг улс орон өрсөлдөх чадвараараа дэлхийд тэргүүлж байна. Хүн ам цөөн ч гэлээ байгалийн баялаг ихтэй улс учраас бидэнд эдийн засгаа өсгөж сайжруулах боломж бий. Дэлхийн эдийн засгийн форумын судалгаанаас харахад 12 үндсэн үзүүлэлт бүгд муу гараагүй байна.
Өнгөрсөн онтой харьцуулахад, технологийн бэлэн байдал, зах зээлийн хэмжээ, институцуудын чанар, инноваци, мэргэжлийн сургалт болон, дээд боловсролын үнэлгээ 0.1-0.5 оноогоор өссөн байна. Энэ судалгааг үндэслэж, асуудлаа бодитой харж чадвал өрсөлдөх чадвараа сайжруулах боломж нээлттэй байгааг мэргэжилтнүүд хэлж байлаа.