Манай улс 2010 оноос жил бүрийн тав болон аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригт бүх нийтээр мод тарих үндэсний өдрөө тэмдэглэдэг болсон. Ирэх бямба гариг буюу аравдугаар сарын 10-нд энэ өдрийг тэмдэглэж, бүх нийтээр мод тарих юм.
Мод тарих үндэсний өдрийг тэмдэглэдэг болсон түүхээс сөхвөл, борооны улирал дуусаж, байгаль дэлхий сэргэх үеийг Израильд еврейгийн цаг тооллоор Ту би шват хэмээн нэрлэдэг. Нэгдүгээр сарын 15-нд тохиодог уг өдрөөр бүх нийтээр мод тарьдаг уламжлалтай.
Газар нутгаа алдсан еврейчүүд 1890 онд эх орондоо буцан ирэхэд нутаг нь цөлжиж, ямар ч мод ургамалгүй болсон байсан гэдэг. Эх орныхоо байгалийг сэргээх зорилгоор түүхч, зохиолч, сургуулийн захирал Зеэв Явиц сурагч нарынхаа хамт 1890 оны хавар мод суулгасан байна.
Үүнээс мод тарих уламжлал үүсэж, дэлхийн олон оронд дэлгэрчээ. Түүнчлэн Солонгосын дайны дараа тус улсын нийт ой модны 80 хувь нь шатсан байв. БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Чон Хи 1960-аад онд хаврын ханш нээгдэх өдрийг мод тарих үндэсний өдөр болгосон нь “мод зөвхөн түлш” гэдэг уламжлалт сэтгэлгээг өөрчилж, “мод бол амьд орчин” гэдэг ойлголт төрүүлж чадсан аж.
Ийнхүү хүмүүсийн мод тарьж, ургуулах чин сэтгэлийн үрээр БНСУ ногоон арал болж, дахин сэргэсэн түүхтэй. Австралид 1996 оноос мод тарих өдрийг тэмдэглэдэг болсон ба үүнээс хойш гурван сая хүн нийт 21 сая мод тарьж, ургуулжээ. Тэд мод тарих үндэсний өдрөө эх дэлхийтэйгээ харилцах өдөр гэж үздэг бөгөөд байгальд ээлтэй төрөл бүрийн үйл ажиллагаа зохион байгуулж, бүх нийтээрээ идэвхтэй оролцдог байна.
Харин манай улс мод тарих үндэсний өдөртэй болсон 33 дахь улс юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010 оны дөрөвдүгээр сарын 14-нд 63 дугаар зарлиг гаргаж, мод тарих үндэсний өдрийг зарласан. Мод тарих үндэсний өдөртэй болсноос хойш өнгөрсөн оны байдлаар нийт долоон сая мод тарьсан гэсэн судалгаа байгаа ч ургасан хувь нь тодорхойгүй.
Жил бүр мод тарьсан хүмүүсийн олонх нь модоо арчлахаа мартчихдаг. Дараа жилийн хавар ургаагүйг нь сугалж, дахиад л тарина. Ингэж үр дүнгүй хөрөнгө мөнгө зарахгүйн тулд хүмүүсийн сэтгэлгээг өөрчлөх, хүүхдийг ясли, цэцэрлэгээс нь эхлэн мод тариулж сургах, хүмүүжүүлэхэд анхаарах нь зүйтэй байна.
Манайх шиг эрс тэс уур амьсгалтай нутагт мод ургуулахын тулд тарьсан хүнээс тууштай хөдөлмөр, ургуулах чин сэтгэл шаардлагатай. Тарьсан модоо таван жилийн турш арчилж, тордсоны дараа л байгальд даатгаж үлдээх ёстой гэж мэргэжилтнүүд хэлдэг. Тиймээс тоо бус чанар хамгийн чухал ажээ. Энэ жилийн мод тарих үндэсний өдөр ийм л чанарт анхаарсан өдөр байгаасай.
Э.НАМУУН