Өнгөрөгч хоёрдугаар сард дөрөвхөн настай охин аав болон хойт эхдээ зодуулж амиа алдсан жишгүүрт хэрэг гарч, олон нийтийг цочроосон. Уг хэргийг үйлдссэн Т.Цогт, Г.Маралмаа нарыг шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10.00 эхэллээ.
Шүүгдэгч Г.Маралмаа нь бие давхар бөгөөд өнгөрсөн есдүгээр сарын 24-нд товлосон шүүх хурлын үеэр ухаан алдсан тул хурлыг өнөөдрийг хүртэл хойшлуулаад байсан билээ. Энэ удаагийн шүүх хурлын үеэр ч хоёр удаа ухаан алдаж, цус алдан яаралтай түргэн тусламж дуудаж, завсарласан боловч үдээс хойш үргэлжилж, ялын тогтоолыг уншиж танилцууллаа.
Т.Цогтод хүний амь насанд санаатайгаар халдсан хэмээн 22 жил, Г.Маралмаад хүний амь насыг онц хэрцгийгээр, биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж хөнөөсөн хэмээн буруутгаж чанга дэглэмтэй хорих ангид 25 жил хорих ял оноох санал гаргаснаа Улсын яллагч Д.Цолмон танилцууллаа. Мөн талийгаач охины ээж Б.Өнөржаргалд хохирлын 4.6 сая төгрөгийг олгох санал гаргажээ.
Яг одоо хохирогч болон шүүгдэгчдийн өмгөөлөгчид Улсын яллагчийн танилцуулсан саналын талаар хэлэлцэж байгаа бөгөөд түүний дараа Шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргах юм.