Тарвага хууль бусаар агнах, бусдад зарж борлуулах, түүнийг нь худалдан авах, тээвэрлэх нь эрс нэмэгдсэн гэж ЗӨСҮТ-өөс мэдээлэв. Энэ жил тарваган тахлаар есөн хүн өвчилсний дотор Ховд, Хөвсгөл аймагт хоёр хүн нас барсан. Тэдний олонх нь “Тарваганы дотор эрхтэн (элэг, ходоод, дэлүү, цөс, хүн мах) бүх төрлийн өвчинд сайн” гэх дам ярианд хууртан эмчилгээний зорилгоор эд эрхтэнийг нь түүхийгээр залгиж, шүүрхий мах хүнсэндээ хэрэглэсний улмаас ийн халдвар авч, өвчилжээ. Иймээс ард иргэд иймэрхүү ам дамжсан цуу ярианд итгэж, өөрийгөө болон өрөөл бусдыг хохироохгүй байх, эмчилгээний зорилгоор тарваганы эд эрхтэнийг түүхийгээр хэрэглэхгүй байхыг ЗӨСҮТ-ийнхөн сэрэмжлүүлэв. Ингэхдээ улсын хэмжээнд тарвага агнахыг хориглосон хуультайг анхаарч, тахлын голомттой нутгаас хууль бусаар агнасан, тарваганы мах, арьс, түүхий эд, бүтээгдэхүүнийг хүн ам олноор суурьшсан хот суурин газар худалдах, тээвэрлэхгүй байх, сэжигтэй мэрэгч амьтны зэм, үхдэлтэй таарвал хүрч болохгүйг сануулав.