Дуурь бүжгийн эрдмийн театрын захирлын сонгон шалгаруулалт өнгөрсөн оны тавдугаар сард болж, шалгаруулалтад гавьяат жүжигчин У.Далантай хамгийн өндөр оноо авсан гэдэг. Жагсаалтын хоёрдугаарт одоогийн дарга Ч.Мөнхзул бичигдсэн ч, нэгэнт эхлүүлсэн ажлаа гүйцээх боломж олгох зорилгоор ССАЖ-ын (хуучнаар) сайд Ц.Оюунгэрэл үүрэг гүйцэтгэгч байсан Ч.Мөнхзулыг жинхлэн ажиллуулахаар болсон. Харин сонгон шалгаруулалтад тэргүүлсэн гавьяат жүжигчин У.Далантай энэ шийдвэртэй санал нийлээгүй бөгөөд өнгөрсөн жилийн долдугаар сард анхан шатны шүүхэд гомдол гаргаж, улмаар Нийслэлийн шүүх, Дээд шүүхэд давж заалдсан байна. Өнөөдөр Дээд шүүхэд болсон хурлын дараа У.Далантай гавьяат "Бид яллаа. Ц.Оюунгэрэл сайдын шийдвэрийг хууль бус гэж үзлээ" гэж мэдэгдсэн юм.
Түүнтэй холбогдож энэ талаар тодруулахад "Жил гаруй үргэлжилсэн шат шатны шүүхийн дүгнэлт миний талд гарлаа. Ч.Мөнхзулыг хууль бусаар ДБЭТ-ын захирал болсныг нотолж, намайг сонгон шалгаруулалтын дагуу ажилд нь томилох ёстой гэсэн шийдвэр гарсан" гэсэн бол ДБЭТ-ын захирал Ч.Мөнхзул "Итгэмжлэгдсэн төлөөлөгч маань шүүх хуралд суусан. Дээд шүүхийн шийдвэр удахгүй нийтэд ил болох нь ойлгомжтой. Гэхдээ У.Далантай гавьяатын хэлж байгаатай ижил шийдвэр гараагүй. Харин сонгон шалгаруулалтыг гүйцэд хийгээгүй гэсэн утгатай зүйл байсан гэсэн. Удахгүй тодорхой болох зүйлийн талаар олон юм ярьмааргүй байна" гэсэн юм.