Одоогоос найман сарын өмнө нь дөрвөн настай охин төрсөн эцэг, хойд эхийнхээ гарт харамсалтайгаар амиа алдсан. Олон нийтийг цочирдуулсан уг хэргийг үйлдсэн талийгаач охины төрсөн эцэг Т.Цогт, хойд эх Г.Маралмаа нарыг шүүх хурал удаа дараа хойшилсны эцэст өчигдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болов. Товлосон цагаасаа 30 минут хоцорсон тус хурал шүүгдэгч нарын биеийн байцаалтыг уншиж танилцуулснаар эхэлсэн. Улсын яллагч Д.Цолмон Г.Маралмаагаас “Биеийн байдал ямар байна” гэж асуухад “Муу байна. Төрөх хугацаа дөхсөн учраас доошоогоо цусархаг зүйл гараад байгаа. Өнөөдрийн хурлыг үргэлжүүлэх чадвар байхгүй байна” гэхэд шүүх хурлыг даргалагч шүүгч Б.Мөнхбаяр “ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн ерөнхий эмч Дарханбаяртай утсаар холбогдон Маралмаагийн биеийн байдлыг нь асуухад “Аравдугаар сарын 2-нд Баянзүрх дүүргээс Маралмааг үзэж байсан эмч ирж үзлэг хийсэн.
Мөн өчигдөр ирж түүнийг үзсэн. Өмнөх шүүх хурал хойшилсноос хойш биеийн байдал нь ерөнхийдөө хэвийн байгаа” гэж хэлсэн. Энэ шүүх танхимд эмч байна. Үнэхээр биеийн байдал нь муудвал яаралтай тусламж үзүүлэх эмч байгаа учраас шүүх хурлыг цааш үргэлжлүүлнэ” гэлээ. Т.Цогтын өмгөөлөгч Энхбат Төгсгэрэл, Оюунчимэг шүүгчийг хэргийг шударгаар шүүж чадахгүй гэсэн эргэлзээ байгааг хэлээд тэднээс татгалзахыг хүссэн ч шүүх бүрэлдэхүүн өөрчлөгдсөнгүй, хэвийн үргэлжиллээ. Нарангэрэл, Хандрагчаа, Отгонжаргал зэрэг гэрчийн мэдүүлгийг улсын яллагч Д.Цолмон уншиж танилцуулсаны дараа Г.Маралмаа ухаан алдан унав.
Түүний өмгөөлөгч М.Хувцагаан шүүх хурлыг явуулах боломжгүй гэж үзэж буйгаа шүүх бүрэлдэхүүнд илэрхийлсэн ч “Түргэн тусламжийн эмч ирэг. Дуудлага өгчихсөн. Шүүх хурал болохоор л ухаан алдаад уначихдаг. Энэ байдал нь эргэлзээтэй. Хэдий худлаа гэж чадахгүй ч бас үнэн гэж хэлж мэдэхгүй. Г.Маралмаагийн биеийн байдал хэзээ сайжрах юм. Энэ шүүх хуралдааныг хэзээ хийх юм” гэж шүүгч Б.Мөнхбаяр ширүүхэн хэлээд авсан. Яаралтай түргэн тусламжийн эмч Г.Маралмааг үзээд “Даралт болон биеийн байдал нь хэвийн байна” гэснээр шүүх хурал дахин үргэлжиллээ. Хохирогч, шүүгдэгчдийн өмгөөлөгчид тэднээс ийн асуулаа.
-Г.Маралмаа та хоёр бөө юү?
-Тийм.
-Бөөгийн зан үйл хийхдээ охиноо “эхийнх нь бузрыг арилна” гээд могойны дүрстэй модоор зоддог байсан уу?
-Г.Маралмаа гурван удаа бөөгийн зан үйл үйлдсэн. Сүүлийн хоёрт нь гэрлээ унтраагаад харанхуйд үйлдсэн учраас охины биеийн аль хэсэгт ямар гэмтэл учруулсныг мэдэхгүй. Би бөөд итгэдэг сүсэг бишрэлтэй болохоор “тэг ингэ”гэснийг нь хийдэг байсан.
-Та охиноо суран тэлээгээр зодсон уу?
-Зодоогүй, цохисон.
-Хаана нь ямар байдалтай цохисон юм бэ?
-Хоёр удаа бөгсөн дээр нь цохисон.
-Та өөрийгөө буруутай гэж бодож байна уу?
-Тийм. Охиноо хамгаалж чадаагүй. Ханиа буруу сонгосон.
-Г.Маралмаа та есөн удаа мэдүүлэг өгөхдөө өөр өөр юм ярьжээ. Хоёрдугаар сарын 14-нд охиныг унжийгаад байсан гэж Т.Цогт ярьдаг. Үүнд юу хэлэх вэ?
-Тэр өдөр бие нь өвдсөн, унжийсан байдал ажиглагдаагүй. Хоёрдугаар сарын 15-нд бие нь тааруу байсан. 16-ны өдөр нь орноосоо босож чадахгүй байсан.
-Т.Цогт суран бүсээр ороолгосон гэдэг. Үүнийг тодруулж ярих уу?
-Цогтыг ломбард явсны дараа талийгаач охин бид үлдсэн. Охин өмдөндөө баачихсан. Намайг цэвэрлэе гэсэн “үгүй” гээд уйлсан. Цогт руу мессеж бичсэн.” Би одоо очиж байгаад арьсыг нь хуулаад өгье” гэсэн хариу ирсэн. Цогт орж ирээд охиноо цагдаа аралтай суран тэлээгээрээ ороолгосон. Би ийм явдал болсонд харамсаж байна. Хохирогч Б.Өнөржаргалаас уучлалт гуйж байна гэсэн юм.
-Б.Өнөржаргал аа, Т.Цогт өмнө нь гэр бүлтэй байсан юм уу?
-Эхнэр хүүхэдтэй байсан юм билээ. Анх танилцахдаа мэдээгүй байсан. Хүүхэд нь 2006 онд төрсөн.
-Охиноо өөрөө өсгөж болоогүй юм уу?
-Цогт охин бид гурав түүний эгчийн хашаанд гэр барьж амьдардаг байсан. Тэр үед Г.Маралмаатай хамт амьдарна гээд бид хоёрыг хаяад явсан. Би ажил хийхгүй бол охиноо өсгөж чадахгүй байсан болохоор төрсөн эцэгт нь итгэж хандсан.
-Төрсөн эцэг нь итгэж болохгүй хүн байна шүү дээ. Хэрэв охиноо эцэгт нь өгөөгүй байсан ийм хэрэг гарахгүй ч байсан юм бил үү?
-Надад өөр хандах хүн байгаагүй.
Үүний дараа улсын яллагч Д.Цолмон 2014 оны долдугаар сараас эхлэн энэ оны хоёрдугаар сарын 14 хүртэлх хугацаанд Г.Маралмаа Т.Цогттой хамтран охиныг зодож, тарчлаадаг гэм буруутай болох нь хохирогч, гэрч, шинжээчдийн мэдүүлэг, шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон. Эрүүгийн хуулийн “Хүнийг санаатай алах, бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцсон, онц, харгис, хэрцгий аргаар, хохирогчийг бие хамгаалж чадахгүйг мэдсээр байж...” гэсэн зүйл ангиар Г.Маралмаад 23 жил, тус хуулийн 100.1 буюу байнга зодох буюу тарчлаах зүйл ангиар хоёр жилийн ял нэмж нийт 25 жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид, Т.Цогтод мөн дээрх зүйл ангиар 22 жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх санал гаргалаа. Мөн талийгаач охин ээж Б.Өнөржаргалд 4.6 сая төгрөгийг Г.Маралмаа, Т.Цогт хоёроор нөхөн олгуулахаар төлөвлсөн юм. Шүүх бүрэлдэхүүн судалж үзээд Т.Цогтод 24 жил, үүний таван жил нь гяндан, үлдсэн чанга дэглэмтэй хорих ангид, Г.Маралмаад чанга дэглэмтэй хорих ангид 24 жил ял эдлүүлэх шийдвэр гаргалаа.
Ч.Болортуяа