Хотын тээврийн үйлчилгээнд өчигдөр нийслэлийн өмчит баазуудын 430 автобус л явлаа. Хувийн тээврийн компаниуд ажилчдынхаа цалинг өгч чадахгүй, үйл ажиллагаагаа түр зогсоохоос өөр аргагүйд хүрсэн аж. Нийтийн тээврийн салбарт шинэчлэл хийсэн ч анхнаасаа туршаагүй, бэлэн бус төлбөрийн систем нэвтрүүлсэн нь ийм байдалд хүргэсэн талаар нийтийн тээврийн компанийн захирлууд хэлсэн юм.
Хотын захиргаа ажилласан цагийг нь санхүүжүүлэх замаар мөнгө хуваарилна хэмээн тэдэнтэй тохиролцсон байна. Гэвч нэг цагийг 14 мянган төгрөгөөр санхүүжүүлэхээр тооцоолон, мөнгийг нь өгч байгаа аж. Үүгээр зөвхөн шатахуун аваад л дуусаж буй учраас зарим компани ажилчдынхаа цалинг долдугаар сараас хойш өгч чадаагүй гэнэ.
Энэ талаар “Терминал трейд” ХХК-ийн захирал Г.Түвшинтөгс “Бидний тооцоогоор цагийн хөлсийг 42 орчим мянган төгрөгөөр санхүүжүүлэх боломжтой байгаа юм. Тэгэхээр бидэнд хувааарилах мөнгөний 40 хувийг л өгдөг гэсэн үг. Тиймээс бид автобусны нэг цагийн ажлыг 35-42 мянган төгрөгөөр үнэлэх боломжтой гэсэн саналыг хотын захиргаанд хүргүүлсэн” гэлээ.
Ийнхүү санал хүргүүлсэн ч нийслэлийн удирдлагууд “Судалж байна” гэсээр хоёр сарыг үджээ. Энэ хугацаанд компаниуд банкны зээл, ажилчдынхаа цалинг төлөөгүйн дээр нийгмийн даатгалд хуримтлагдсан өртэй болжээ. Тэгвэл үүсээд буй асуудлыг Нийслэлийн ЗДТГ, нийслэлийн Тээврийн газар шийдвэрлэх ёстой гэдгийг “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Р.Ган-Эрдэнэ хэлэв.
Мөн тэрбээр “Өнөөдрийн орлогын мөнгийг нөгөөдөр нь автобус компаниудад хуваарилах ёстой. Гэвч өнөөдөр (өчигдөр) аравдугаар сарын 2-ны орлого л орж ирсэн байх жишээтэй. Худалдаа хөгжлийн банкнаас болоод ийм асуудал үүссэн ч бид эрсдэлийг нь дааж, компаниудад гурван тэрбум төгрөг зээлээр өгсөн” гэж ярив.
Ийнхүү өчигдөр зарим чиглэлийн шугамын ачаалал нэмэгдсэнээс зорчигчид удаан хүлээж, ирсэн автобусандаа багтахгүй үлдэх тохиолдол гарч байв. Нийслэлийн өмчит баазууд зээлээр шатахуунаа авч буй учраас л хотын иргэд хөл дүүжлэх цөөн боловч автобустай байгаа аж.
Гэхдээ эдгээр баазын автобуснуудыг нийтийн тээврийн бүх чиглэлд явуулсан ч өчигдрийнх шиг хүлээлт үүснэ гэдгийг Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Ж.Дамдинсүрэн хэллээ.
Г.БАЯРЦЭЦЭГ