Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт нэрээ нууцалсан нэгэн иргэн “Арабын иргэд олон тооны идлэг шонхор шувуу барьсан байна. Хууль журмын дагуу барьсан, эсэхийг шалгаж өгнө үү” гэх мэдээлэл ирүүлжээ.
Улмаар НМХГ-ын Байгаль орчны хэлтэс, Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс хамтран тус дүүргийн 32 дугаар хороо, Баруунтурууны орчимд байрлах арабуудын амьдардаг газарт гэнэтийн шалгалт хийжээ. Шалгалтаар хоёр гэрт 20 толгой идлэг шонхрыг 10, 10-аар нь хуваан байрлуулсан байж.
Харин хашаан дотор байх нэг гарааш цоочтой, түлхүүр нь байхгүй гээд онгойлгохгүй байсан гэнэ. Тиймээс шалгалтаар очсон мэргэжлийн хяналтын байцаагч нар цагдаагийн ажилтныг дуудаж хаалганы цоожыг эвдүүлэн нээхэд 41 толгой идлэг шонхор нуусан байжээ.
Зохих зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас авсан, эсэхийг шалгахад БОНХАЖЯ-наас өнгөрсөн наймдугаар сарын 20-нд соёлын зориулалтаар 35 толгой идлэг шонхор барих зөвшөөрөл авчээ. Ингэхдээ Өвөрхангай, Архангай, Увс, Хөвсгөл, Завхан, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дунговь, Төв, Говьсүмбэр аймгаас зохих гэрээний дагуу татвар хураамжаа төлж байж барих ёстой байв.
Гэтэл зөвхөн Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Байгаль орчны хэлтэстэй гэрээ байгуулж дөрвөн шонхор барьсан байна. Бусдыг хаанаас барьсан нь тодорхойгүй, ямар ч татвар хураамж төлөөгүй байжээ.
Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн МХХ-ийн Байгаль орчны хяналтын байцаагч Б.Энхцэцэг “Амьтны тухай хуулийн 29 дүгээр зүйл, Катарын Батлан хамгаалахын сайдын бие төлөөлөгч Мохамед Хассан Аль-Тхавадитай байгуулсан гэрээг тус тус үндэслэн тусгай хамгаалалттай газраас бусад нутаг дэвсгэрээс 35 толгой идлэг шонхрыг энэ оны наймдугаар сарын 19-нөөс аравдугаар сарын 20 хүртэлх хугацаанд соёлын зориулалтаар барих зөвшөөрлийг Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргыг түр орлон гүйцэтгэгч Г.Нямдаваа олгосон юм билээ.
Нэг толгой идлэг шонхор тутамд ан амьтны экологи, эдийн засгийн үнэлгээний 40 хувиар тооцож тухайн сумын орон нутгийн хөгжлийн дансанд төлбөр тушаах ёстой байдаг. Харин тэд ямар ч татвар, хураамж төлөөгүй байсан. Мөн зөвшөөрөгдсөн тоо хэмжээг хэтрүүлэн барьсан нь шалгалтаар илэрсэн” гэв.
Уг нь манай улс 2013 онд идлэг шонхор барихыг таван жилийн хугацаатай хориглосон байдаг. Харин соёлын зориулалтаар барьж болдог юм байна. Нэгэнт л хорьсон юм бол хорьсон шиг хорихгүй зориулалтаар нь ангилсан нь хуулийн нэг цоорхой гэлтэй. Энэ цоорхойг ашиглаж гадаадын иргэд газар нутаг дээр маань дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэдгийн нэг тод жишээ энэ болов уу.
Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн гэх Катарын иргэдийн байрлах газарт биднийг очиход хоёр метрийн өндөртэй бетонон хашааг өргөстэй төмрөөр “хуягласан” байв. Харин гурван талдаа төмөр, том хаалгатай ч яаж ч цохисон тайлах шинжгүй байлаа.
Дотор нь хүн байгаа, эсэх нь ч мэдэгдсэнгүй. Энэ хэргийг одоо Улсын мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байгаа аж.
Х.АЗЖАРГАЛ